ЭМЯ: Хэнтий аймагт нас барсан охиноос коронавирусний халдвар илрээгүй

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-01-29 13:47:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн мэдээллийг өдөр бүр хүргэж байна.

Өнөөдрийн мэдээллийн үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, “Хэнтий аймагт нас барсан охины шинжилгээний хариу өчигдөр гарсан. Шинжилгээг хийхдээ, 21 төрлийн вирусийн шинжилгээ болон коронавирусийг илрүүлэх тест авсан. Охин А хүрээний H3N2 вирусийн халтгалгааны хүндэрлээс болж нас барсан” гэв.

ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, “Монгол Улсад шинэ коронавируст халдварын тохиолдол бүртгэгдээгүй. Гэхдээ томуу, томуу төст өвчин дэлхийн олон оронд дэгдэж байна. Манай оронд мөн адил. Улаанбаатар хотын амбулаторийн үзлэгээр амьсгалын замын өвчин 14.2 хувийг эзэлж байна. Энэ сарын 9-29-нд нийт 36 хүнд тархвар судлалын тандалт, онош тодруулах шинжилгээг хийсэн. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 13 хүнийг тусгаарлаад байна. БНХАУ-аас улсын хилээр орж ирсэн, халуурсан 29 зорчигчийг ХӨСҮТ-д тусгаарлан лабораторийн шинжилгээ хийснээс 14 хүний онош үгүйсгэгдсэн. 18 хүнд шинжилгээ хийж байна. Үүнээс ХӨСҮТ-д 16, Дорнод аймаг дахь зүүн бүсийн оношилгоо эмчилгээний төвд 2 хүн байна. Өчигдөр улсын хилээр зургаан аймгийн найман хилийн боомтоор 1966 иргэн нэвтэрсэн байна. Холбогдох журмын дагуу тандалт хийхэд сэжигтэй хүн байхгүй гэсэн мэдээллийг өгсөн юм.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Хилээр орж ирж буй Монгол Улсын иргэдээс асуумж судалгаа авч байгаа. Халуурсан хүмүүс олноор ирж байгаа нь томуугийн дэгдэлт их байгаатай холбоотой. Хонконгийн онгоцонд зорчиж явсан дөрвөн зорчигч халуунтай, дотор нь эвгүй байгаа тухай мэдээлэл ирсэн учраас бид онгоц буух үед халууныг үзсэн. Тухайн дөрвөн хүний ойрын хавьтал дөрөв хүн, нийт найман хүнийг тусгаарлан шинжилгээ хийж байна. ХӨСҮТ-өөс томуугийн эмчилгээг хийгээд гаргаж байгаа" гэлээ.

П.Хүслэнтуяа


Холбоотой мэдээ