11 ногтруу агнасан зөрчил илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-01-29 17:53:57

Ховд /МОНЦАМЭ/. Байгаль орчны эсрэг болон мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг нэг сарын хугацаанд зохион байгуулав. 

Тус ажлыг Ховд аймгийн МХГ, Цагдаагийн газар, Жаргалант сумын ЗДТГ-ын төлөөлөл 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хэрэгжүүлсэн байна.

Ажлын хэсгийнхэн хууль бусаар ан амьтан агнах, тэдгээрийн гаралтай түүхий эд тээвэрлэх, худалдаалах үйл ажиллагаа, малын шилжилт хөдөлгөөн, гарал үүслийн гэрчилгээний баталгаажуулалтын байдалд хяналт тавьжээ.   

Хяналт шалгалтын хугацаанд хууль бусаар 11 ногтруу агнасан зөрчлийн хэрэг илрүүлжээ. Улмаар хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж холбогдогч иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу 150 мянган төгрөгийн торгууль, 88 мянган төгрөгийн нөхөн төлбөр ногдуулан ажиллав.

Байгаль орчны эсрэг болон мал хулгайлах гэмт хэрэг зөрчил нь нууц далд байдлаар өрнөдөг. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг богино хугацаанд илрүүлэхийн тулд иргэдээс мэдээлэл цуглуулах, хяналт шалгалтад иргэнийг татан оролцуулах, хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай байна гэж албаны эх сурвалж хэллээ.

“Байгаль орчны хууль зөрчсөн тухай мэдээллийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд өгсөн. Түүнчлэн зөрчлийг илрүүлсэн, бодит туслалцаа үзүүлсэн иргэнд зөрчил гаргагчид ногдуулсан торгууль, нөхөн төлбөрийн орлогын дүнгийн 15 хувьтай тэнцэх мөнгөн урамшууллыг сум, дүүгийн Засаг дарга байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос олгоно” гэж хуульд тусгасан байдаг аж.

Тиймээс иргэд аливаа гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг аймгийн МХГ-ын 7043-1286 дугаарын утсанд яаралтай мэдэгдэж хамтран ажиллахыг уриалав. 

Холбоотой мэдээ