Засаг даргын нөөц сангаас 10,0 сая төгрөг зарцуулахаар шийдвэрлэв

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-01-31 22:02:12
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Энэ сарын 27-нд хуралдсан Дундговь аймгийн Онцгой комиссын хурлын шийдвэрээр аймгийн Засаг даргын нөөц сангаас 10,0 сая төгрөгийг амны хаалт, ариутгалын бодис, эмч, эмнэлгийн ажилтнуудыг хамгаалах хэрэгслээр хангахад зарцуулахаар болжээ.

Мөн аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан томуу, томуу төст өвчний дэгдэлтийг бууруулах, коронавирусний халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх шуурхай ажлын хэсэг ажиллаж байна.  

Томуу, томуу төст өвчний дэгдэлт ямар байгаа талаар ЭМГ-ын дарга Г.Бат-Оршихоос тодруулахад өвчний дэгдэлт нэмэгдээгүй хэдий ч дуудлага багасахгүй, хэвтэн эмчлүүлэгсдийн тоо нэмэгдэж байна гэлээ.

Тиймээс шуурхай ажлын хэсгээс Сайнцагаан сумын дөрвөн сургууль, МСҮТ-ийн эмч нарыг өрхийн эмнэлгүүд болон Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт ажиллуулж, ЭМГ-ын хоёр машиныг дуудлагад явуулахаар болжээ.

Дэлгүүр, үйлчилгээний газруудаар болон аймгийн төв гудамжаар хөл хөдөлгөөн багассан байна. Томуу, томуу төст өвчний дэгдэлтийг бууруулах, коронавирусний халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх шуурхай ажлын хэсгээс иргэдэд амны хаалт тогтмол зүүж, хувийн ариун цэврийг чанд сахих  талаар зөвлөгөө, зөвлөмж өгч, хяналт тавин ажиллаж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ