Хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн бүтээл Евроазийн хөгжмийн наадамд шалгарчээ

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2020-02-03 14:21:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Евроазийн орчин үеийн хөгжмийн зохиолчдын IV наадам ОХУ-ын Бүгд Найрамдах Саха улсад энэ сарын 25-нд болно. Тус наадамд тоглох найман бүтээлийн тоонд Консерваторын багш, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн бүтээл багтжээ.

Тэрбээр их зохиолч Д.Нацагдоржийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Харанхуй хад” киноны хөгжмийг бүтээсэн. Энэ хөгжмөөсөө  сэдэвлэн симфони, сюит туурвиж, дээрх наадмын зохион байгуулагчдад илгээжээ. Уг бүтээлийг шилдэг наймд шалгаруулсан байна. Уг наадамд ОХУ, Монгол, Молдав, Беларусь, Норвегийн хөгжмийн зохиолчдын бүтээлийг тус улсын Филармонийн симфони найрал хөгжим маэстро Н.Базалевагийн удирдлагаар тоглох юм байна.

Х.Алтангэрэл 2016 онд их зохиолч Д.Нацагдоржийн тухай “Харанхуй хад” киноны хөгжмөө, 2017 онд ОХУ-ын Москва хотын П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн их сургуульд нэг жил мэргэжил дээшлүүлэн суралцахдаа  Нацагдорж, Пагмадулам нарын сэдвээр бүрэн хэмжээний дөрвөн ангит симфони чуулбар болгон өргөжүүлэн бичсэн. Энэхүү бүтээл нь “Эргэцүүлэл”, “Эрэл”, “Ганцаардал”, “Зүүд” гэсэн дөрвөн ангитай, 20 гаруй минут үргэлжилдэг аж. 

Холбоотой мэдээ