Уламжлалтын эмнэлэг үйл ажиллагаагаа эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-02-05 10:37:35

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт шинээр барьсан уламжлалтын эмнэлэг албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүллээ. 20 үйлчлүүлэгчийг хэвтүүлэн эмчлэх хүчин чадалтай тус эмнэлгээр дамжуулан иргэд уламжлалт анагаах ухааны бүхий л төрлийн эмчилгээ үйлчилгээг нэг дороос авах боломжтой юм.

2014 онд суурь нь тавигдаж, барилгын ажил нь эхэлсэн ч тодорхой шалтгааны улмаас зогсонги байсан тус эмнэлгийн барилгын ажлыг үргэжлүүлэх төсвийг аймгийн ИТХ-аас шийдвэрлэж өгснөөр 2019 онд бүрэн дуусч, өнгөрсөн оны намар  нээлтээ хийсэн. Тэгвэл тус эмнэлэг энэ сараас ийнхүү албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж, эхний эмчлүүлэгч үйлчлүүлэгчдээ авчээ. Ингэж эмнэлгийн ажлыг эхлүүлэхийн тулд АНЭ-ийн удирдлагууд нөөц бололцоогоо ашиглан 23 сая төгрөгөөр шаардлагатай тоног төхөөрөмж, ор зөөлөн эдлэл, гал тогооны иж бүрдлийг шийдвэрлэжээ.

Цаашид уламжлалтын бүхий л төрлийн эмчилгээ, үйлчилгээг эмнэлгээрээ дамжуулан иргэддээ үзүүлэхийг зорьж байна. Ингэхийн тулд шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах тал дээр АНЭ-ийн зүгээс анхаарч ажиллах болно. Нөгөө талаар Сүхбаатар аймагтай хил залгаа оршдог БНХАУ-ын ӨМӨЗО-ны Зүүн үзэмчин хошууны Шилийн гол аймаг уламжлалт анагаах ухааны эмчилгээгээрээ дэлхийд тэргүүлдэг. Урд хөршийн монгол эмнэлгийн байгууллагатай манайх олон жилийн хамтын ажиллагаатай. Үүнийгээ илүү сэргээж, хамтын ажиллагаагаа өргөжүүлж чадвал бидэнд маш том давуу тал бий гэж АНЭ-ийн дарга Ц.Хүрэлбаатар хэллээ.


Эмнэлэг ашиглалтад орсноор орон нутгийн иргэд, ахмадууд физик эмчилгээ уламжлалт бариа засал, шавар эмчилгээ зүү төөнүүр, усан болон сүүн эмчилгээ, таван рашааны эмчилгээ зэрэг бүх төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой. Мөн 20 эмчлүүлэгчийг нэг дор хүлээн авах хүчин чадалтайг уламжлалтын эмнэлгийн эрхлэгч, их эмч Б.Анхбаяр онцоллоо.

Эмнэлгийн үйл ажиллагаа эхэлж буйтай холбоотойгоор аймгийн удирдлагууд эмнэлгийн үйл явцтай танилцсан юм. Цаашид эмнэлгийг бүхий л талаар нь дэмжиж, хамтран ажиллахаа тэд мөн илэрхийлж байлаа.

 

 

Холбоотой мэдээ