Ялта-75: “Их гурвал”-ын уулзалтын тухай сонирхолтой баримтууд

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2020-02-06 12:11:14

Одоогоос яг 75 жилийн тэртээ буюу 1945 оны 2 дугаар сарын 4-11-ний өдрүүдэд “Их гурвал” буюу ЗХУ, Их Британи, АНУ-ын удирдагчдын Крымын хойг дахь Ялтад хийсэн уулзалт нь дэлхийн II дайны дараа дэлхий дахиныг эмхлэн тохинуулахад асар их үүрэг гүйцэтгэсэн билээ. Дайн дуусах тун дөхөж байсан тэр үед дэлхийн тэргүүлэгч гурван гүрний удирдагчид Германыг ялсны дараа Европ тив ба дэлхийн хэмжээнд нөлөөллийн хүрээгээ хэрхэн хувааж тогтоох вэ гэдэг асуудалд гол анхаарлаа хандуулах болжээ. Бага хурлын явцад ЗХУ-Польшийн хилийн шугамыг тогтоох, Балканы хойгт тусгаар улсуудыг байгуулах, Герман дахь холбоотнуудын эзэмшлийн бүсүүдийг тогтоох, Японы эсрэг дайнд ЗХУ оролцох, олзлогдсон болон дүрвэсэн иргэдийн тухай, БНМАУ-ын статус-квог хүлээн зөвшөөрөх гэх зэрэг олон чухал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн билээ. 


1943 онд болсон Тегераны бага хурлаас ялгаатай нь гэвэл, тухайн үед оролцогч гурван тал үндсэндээ ижил үүрэг нөлөөтэй байсан бол Ялтын бага хурал нь ЗХУ-ын хувьд жинхэнэ ёсоор “ялалт” байлаа. Энэ нь дээд түвшний уулзалтыг зохион байгуулсан газар орноос эхлээд л бүхий зүйл дээр тодорхой харагдана. АНУ, Их Британийн төрийн тэргүүн нар эхэндээ Америкийн эрэг ба Зөвлөлтийн эргээс ижил зайд орших Шотландад уулзалт хийхийг санал болгож байжээ. Гэвч Сталин энэ хувилбараас татгалзсан байна. Дам яриагаар бол, тэрбээр “банзал өмсдөг эрчүүд амьдардаг улс”-т очихыг хүсээгүй гэдэг. Сталин энэ мэтээр хошигносоор Ром, Александр, Иерусалим, Афин хотуудад уулзалтыг хийх саналаас эвтэйхэн татгалзсан төдийгүй Мальта аралд очих дургүй байгаагаа илэрхийлж байв. Хожим нь А.А.Громыко дурсан ярьснаар, Газрын Дундад тэнгисийн цаг агаар эрүүл мэндэд нь тохиромжгүй учраас тийшээ явахыг эмч нар хориглосон гэж Сталин татгалзсан шалтгаанаа тайлбарласан аж. Харин Черчиллийн хувьд өөрийг нь 1944 онд Москвад хүлээн авсан нь сэтгэлд нь тун их нийцсэн учраас Ялтад уулзалт хийхийг анхнаасаа дэмжиж байсан бол Рузвельт Сталины ятгалгад бууж өгчээ. Үнэндээ бол, Зөвлөлтийн арми Берлинээс 100-хан км-ийн зайд дөхөж ирээд байгаа учраас ЗХУ өөрийн нөхцөл болзлыг тавих эрхтэй гэдгийг Сталин сайтар ойлгож байв. Үүний зэрэгцээ, германчууд Зөвлөлтийн хот тосгодыг хэрхэн аймшигтайгаар сүйтгэн нураасныг Америк, Британийн удирдагчдад үзүүлэхийг хүсчээ. Энэ нь дайны төлбөрийн асуудлаарх хэлэлцээний явцад “том хөзөр” болж байсныг цаг хугацаа харуулсан билээ.


Германчуудад эзлэгдсэн Крымын хойг эвдрэн сүйдэж хоосорсон хэдий ч ЗХУ-ын тал Ялтын уулзалтын бэлтгэлийг ердөө хоёрхон сарын дотор хангаж чаджээ. Уулзалтыг зохион байгуулах ажиллагааг У.Черчиллийн саналаар “Аргонавтууд”, “Арал” гэсэн хоёр кодчилсон нууц нэрээр нэрлэсэн байна. Аргонавт гэдэг нь “аргон хөлгөөр зорчигчид” гэсэн утгатай үг бөгөөд Рузвельт, Черчилль хоёр өөрсдийгөө алтан хонины арьс /эртний Грекийн домогт гардаг/ олж авахаар Крымын эрэг рүү явж буй аргонавтуудтай зүйрлэжээ. Харин “Арал” гэдэг нь Мальта арлыг хэлсэн бололтой. 

Улс орны өнцөг булан бүрээс ирсэн олон зуун ажилчид /зарим баримтад дурдсанаар 2200-2500 хүн/ Дотоод хэргийн ардын комиссарын газар /НКВД/ ба Улсыг аюулаас хамгаалах ардын комиссарын газрын /НКГБ/ офицеруудын хяналтын дор ажиллаж, 60-хан хоногийн дотор Ялтын бага хурлыг зохион байгуулах боломжийг бүрдүүлсний сацуу дайны дараах сэргээн босголтыг ЗХУ хийж чадна гэдгийг харуулжээ.


Ялтад гол хүн нь хэн бэ?


У.Черчиль, Ф.Рузвельтийн нарын хувьд, тэд Ялтын уулзалтыг “Германд явуулж буй АНУ, Их Британийн цэргийн ажиллагаанд Сталинаас дэмжлэг авах боломж” гэж үзэж байлаа. Учир нь, 1945 оны 2 дугаар сар гэхэд Улаан арми Берлинд дөхөж ирээд байсан бол холбоотнууд ихээхэн саад бэрхшээлтэй тулгарч байв.


Ялтад уулзахыг зөвшөөрснөөрөө “гэрийн эзэн”-ий үгийг дагадаг зочдын байр сууринд өөрсдийгөө тавьсан гэдгээ холбоотнууд сайтар ойлгож байсан. Үүнийг тодотговоос, эхний удаад маршал Сталин Саки хотын нисэх онгоцны буудалд буусан хүндэт зочдоо угтахаар очсонгүй. Протоколыг зөрчсөн явдалд Рузвельт ихэд дургүйцсэн бол хариуд нь Зөвлөлтийн удирдагч “холбоотнууд 2 дугаар фронт нээхээ удаашруулж байсан” гэдгийг битүүхнээр ойлгуулжээ. Дашрамд өгүүлэхэд, 4-ний өдөр болсон хамгийн эхний албан ёсны уулзалтанд Сталин зориуд хоцорч ирсэн нь Ялтын бага хурлын үеэр болсон цорын ганц тохиолдол юм. Үүний цаад санааг холбоотнууд ойлгосон нь лавтай. 


Немцүүдийн тоносон орд харшуудыг сэргээн тохижуулсан нь


Германы цэргүүд Крымыг эзэгнэсэн хоёр жилийн хугацаанд орд харшуудыг нүцгэн хана үлдтэл нь  тоносон байна. Тухайлбал, Ливадийн ордонд гэхэд ханын цаас, хаалганы зэс бариулыг хүртэл үлдээлгүй ачаад явжээ. Иймээс Ливадийн, Юсуповын, Воронцовын орднуудыг тохижуулахын тулд ЗХУ-ын өнцөг булан бүрээс эд хогшлууд цуглуулсан байна. Галт тэрэгний бүхэл бүтэн цуваанууд Москвагаас Крым рүү мебель тавилга, хивс, хивсэнцэр, өндөр үнэтэй гал тогооны хэрэгслүүдийг зөөж байлаа.


“Тал хөндий” ажиллагаа


Бага хуралд оролцогчдын амьдрах нөхцөл, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн ийм кодчилсон нэртэй ажиллагаанд Крымын Автономит БНУ-ын Дотоод хэргийн ардын комиссарын газар /НКВД/ ба Улсыг аюулаас хамгаалах ардын комиссарын газрын /НКГБ/ 1000 орчим ажилтнууд /ар талын анги нэгтгэлүүдийг тооцохгүйгээр/ оролцсон байна. Уулзалт болох газрын ойролцоо хоригдож байсан Германы олзлогдсон цэргүүдийг 2 долоо хоногийн дотор, Ливадийн ордноос 30 км-ийн радиус дотор амьдардаг оршин суугчдыг нэг сарын дотор бүгдийг нь нүүлгэн шилжүүлжээ.  


Нэг сарын дотор Өмнөд эрэгт 278 шуурхай ажиллагаа явуулж, 67 мянга гаруй хүнийг шалган байцааснаас 400 хүнийг саатуулан баривчилжээ. Бага хурал эхлэх өдөр Ялтын эргийн дагуу байлдааны хөлөг онгоцуудаас бүрдсэн 3 давхар хамгаалалт гарч, 300 орчим сөнөөгч онгоц байлдааны бэлэн байдалд байсан бол уулзалт болсон газарт хоёр давхар хамгаалалтын бүс үүсгэж, шөнийн цагаар энэ нь 3 давхар болж байв.  


Ливадийн ордныг сонгосны учир


Крымд, ялангуяа Ялтын орчимд орд харшууд олон байдаг атал бага хуралд зориулан зөвхөн гурван ордныг засаж тохижуулжээ. Юсуповын ордонд Зөвлөлтийн төлөөлөгчид, Воронцовын ордонд Английн төлөөлөгчид, Ливадийн ордонд америкчууд байрласан аж. Протоколд зааснаар, уулзалт хийх газар нь “нейтрал бүс” байх ёстой байсан боловч бага хурлын үндсэн бүх арга хэмжээ Рузвельтийн “гэрт” явагдсан байна. Америкийн Ерөнхийлөгч халдварт саа өвчний улмаас тэргэнцрээр явдаг байсан учраас түүнийг байнга ийш тийш нь явуулахад цаг хугацаа зарцуулахаас гадна түүний эрүүл мэндийн байдалд нөлөөлж болзошгүй байв. Иймээс АНУ-ын төрийн тэргүүнд хүндрэл учруулахгүйн үүднээс Ливадийн ордныг сонгожээ.  

 

Рузвельтийн усанд орох өрөөг 7 удаа будсан нь


1945 оны 1 дүгээр сард болсон үйл явдлыг нүдээр харсан хүмүүс ийм тохиолдол байсан гэдгийг итгэлтэйгээр батлан ярьдаг боловч энэ талаарх баримт нотолгоо олддоггүй аж. “Их гурвал”-ын удирдагчдад зориулсан байруудыг шалгаж байсан Америкийн талын байцаагчдын хувьд, Рузвельтийн ванны өрөөний хананы өнгө нь цонхоор харагдах Хар тэнгисийн өнгө төрхтэй зохицохгүй байгаа мэт санагджээ. Ингээд өнгийг тохируулахын тулд ханыг 7 удаа будсан гэдэг. Эцэст нь, Америкийн Ерөнхийлөгчийн таалалд нийцүүлж чадсан бөгөөд эх орондоо буцахынхаа өмнө Рузвельт Сталинд хандан “тэтгэвэрт гарсныхаа дараа Ливадийн ордныг худалдаж аваад тэнд амьдрах бодолтой байгаа” тухайгаа ярьсан гэдэг. 


Черчилль хамгийн сүүлд Крымээс явсан нь


Сталин, Рузвельт хоёр Ялтын бага хурал дууссанаас хойш нэг хоногийн дараа Крымээс явсан байна. Зөвлөлтийн удирдагч Симферополь хүртэл автомашинаар яваад дараа нь галт тэргэнд сууж Москвад очсон бол АНУ-ын Ерөнхийлөгч 12-ны өдөр Саки хотоос С-45 нисэх онгоцоор Каирын чиглэлд 6 сөнөөгч онгоцоор хамгаалуулан нисчээ.

Харин Их Британийн Ерөнхий сайд Крымд дахин хоёр хоног саатахдаа Севастополь хотод очсон байна. Үүний учир нь, тэрбээр Балаклава гэдэг газарт, тодорхой хэлбэл Альминий хөндийд очих хүсэлтэй байжээ. Энэ газарт 1854 оны намар Британийн хөнгөн морьт цэрэг дайралтанд орох үеэр Их Британийн язгууртнуудын гэр бүлийнхнээс олон хүн амиа алдсан гэдэг. Амь үрэгдэгсдийн дотор Черчиллийн өвөг дээдэс болох герцог Мальборогийн удмынхан байжээ. Тэдний дурсгалыг хүндэтгэх ёслолыг Балаклавад зохион байгуулна гэж Зөвлөлтийн тал амласан нь “Их гурвал”-ын уулзалтыг Ялтад зохион байгуулахад нөлөөлсөн нь тодорхой.  


Сталин ганцхан орчуулагчтай үлдсэн нь


Аугаа Их Эх орны дайны үеэр болж байсан олон улсын уулзалтуудын үеэр Иосиф Сталинд хоёр орчуулагч үйлчилж байсан нь Владимир Павлов, Валентин Бережков нар юм. “Тал хөндий” ажиллагааны явцад Зөвлөлтийн сөрөг тагнуулын алба Ялтын бага хуралд оролцох бүх хүнийг шалгасны дотор орчуулагчид ч байв. Шалгалтын явцад, Бережковын эцэг эх нь Германд эзлэгдсэн Киев хотод үлдэж хоцорсон нь ил болжээ. Бережков тэднийгээ олох гэж ихэд чармайсан боловч уулзаж чадсангүй. Үүнээс үүдэн, түүний эцэг эх хоёр нь ухарч буй немцүүдтэй хамт хотоос гарч явсан байж магадгүй гэсэн дүгнэлтийг сөрөг тагнуулынхан хийв. Энэ нь орчуулагчийг бага хуралд оролцуулахгүй байх хангалттай шалтгаан учраас орчуулагч В.Павлов Сталины хамт Ялта руу явжээ. 


Б.Адъяахүү


Эх сурвалж: https://news.rambler.ru/other/39773543-yalta-45-sem-interesnyh-faktov-o-yaltinskoy-konferentsii/

Холбоотой мэдээ