Увс нууран дээгүүр зорчихгүй байхыг сэрэмжлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-02-07 10:02:41

Увс /МОНЦАМЭ/. Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаанаас Увс нууран дээгүүр зорчихгүй байхыг сэрэмжлүүлж байна. Энэ сарын 3-нд Увс нуурын мөсөн дээр нэг метр өнгөрүү ан цав гарч, Улаангомоос Тэс сум хүртэлх нуурын зам хаагдсан байна.

Өнгөрсөн сарын 31-нд Завхан суманд, энэ сарын 2-нд Ховд суманд тус бүр 4 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас ийнхүү нуурын мөсөнд ан цав гарсан байх хэмээн мэргэжлийн хүмүүс үзэж байна. Мөн энэ жилийн хувьд Увс нуур, Тэс голын хөндийгөөр харьцангүй дулаан буюу хөрсөн дээрээ -50 хэм хүрч хүйтрэхгүй байгаагаас нуурын мөс тийм ч зузаан хөлдөөгүй байна.

Монгол орны ихэнх гол, мөрөн, нуур битүү мөстсөн хэдий ч энэ өвөл ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.1-5.3 хэмээр дулаан байгаатай холбоотой гол, мөрөн, нуурын мөсний зузаан харилцан адилгүй байна. Иймд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, цаг хожих, зам товчлох зэргээр Увс нуурын мөсөн дээгүүр авто тээврийн хөдөлгөөн хийхгүй байхыг сэрэмжлүүлж байна” хэмээн Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргааны дарга Б.Одсүрэн хэллээ.

Тэс сумаас аймгийн төв хооронд зорчигчид жил бүрийн 12-р сарын сүүлчээс 4-р сарын эхэн хүртэл Увс нууран дээгүүр 80 гаруй км явж зам товчилдог юм. Нуурын голоор гарсан замд ан цав гарсан тул зорчигчид одоогоор нуурын захаар 20 гаруй км-т зам товчлон явж байна. 

Холбоотой мэдээ