Тайванийн Жан Хуа эмнэлэг зөөврийн эхо оношилгооны аппарат хандивлав

Монголын мэдээ | Эрүүл мэнд
batbold.sh@montsame.gov.mn
2020-02-10 13:08:48
@ShoovdorBatbold

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө, “Жэй Си Эс” олон улсын байгууллагын гүйцэтгэх захирал хатагтай Элизабет Менсерт Лангендейк болон тус байгууллагын стратеги, хамтын ажиллагаа хариуцсан захирал Лха. Алтанхуяг нар.

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хамтран ажилладаг эмнэлгүүд болон байгууллагуудад эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлаж, иргэдийн эрүүл энх, сайн сайхны төлөө халамж, анхаарал хандуулах талаар идэвхтэй ажилладаг Тайванийн Жан Хуа Христийн шашны эмнэлэг нэгдүгээр сарын 30-нд “Жэй Си Эс” олон улсын байгууллагад зөөврийн эхо оношилгооны аппарат хандивласнаа гардуулан өглөө. 

Улаанбаатар хотод байрлах “Жэй Си Эс” олон улсын байгууллага /Joint Christian Service, JCS International/-д болсон эхо оношилгооны аппаратыг хүлээлгэн өгөх ёслолд Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч, хатагтай Грэйс Ж.Р.Лүө оролцож, Жан Хуа Христийн шашны эмнэлгийн нэрийн өмнөөс тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөв. 

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч, хатагтай Грэйс Ж.Р.Лүө хэлсэн үгэндээ “Жан Хуа Христийн шашны эмнэлэг нь эрүүл мэндийн үйлчилгээний чиглэлээр олон улсад маш идэвхтэй ажилладаг төдийгүй сүүлийн жилүүдэд Монгол Улсад халамж анхаарлаа хандуулж, өөрийн нөөцөөс хуваарилах болсон. Энэ удаа тус эмнэлэг нь эхо оношилгооны аппаратаа “Жэй Си Эс” олон улсын байгууллагад хандивлаж, тус байгууллагаас алслагдмал аймаг, суманд эмнэлгийн үзлэг оношилгоо хийх үйл хэрэгт нь дэмжлэг үзүүлэхээр боллоо” гэв. 

Жан Хуа Христийн шашны эмнэлэг нь 2018 онд Монголын  эмнэлгүүдэд 30 ширхэг урьд нь ашиглагдаж байсан эмнэлгийн зориулалтын ор, эмэгтэйчүүдийн төрөх ор, 2019 онд Эрдэнэт хотод зөөврийн эхо оношилгооны аппарат хандивлаж байжээ.  

Харин “Жэй Си Эс” олон улсын байгууллага анх 1993 онд Монгол Улсад байгуулагдсан ба гүйцэтгэх захирлаар Нидерланд улсын иргэн хатагтай Элизабет Менсерт Лангендейк ажиллаж байна. Тэрбээр Тайванийн Жан Хуа Христийн шашны эмнэлэг хандив өргөж, сайн үйл хийж буйд чин сэтгэлийн талархал илэрхийлэв. 

Хандивын арга хэмжээний үеэр Төлөөлөгч, хатагтай Грэйс Ж.Р.Лүө Тайванийн Жан Хуа Христийн шашны эмнэлгийн үүсгэн байгуулагчдын нэг болох Шотландын иргэн, номлогч Дэвид Ландсборогийн гэргий Мажори Лернер тус эмнэлэгт эмчлүүлж байсан гүн түлэгдэлтийн шархтай хүүд өөрийн хөлнөөс дөрвөн хэсэг арьс шилжүүлэн суулгахаар өгч байсан тухай сэтгэл хөдөлгөм түүхийг хуваалцсан бөгөөд хатагтай Элизабет Менсерт Лангендейк энэхүү энэрэнгүй үйлсийн тухай сонсоод сэтгэл хөдлөж буйгаа илэрхийлж, цаашид тус эмнэлэгтэй нягт хамтран ажиллана гэж найдаж байна хэмээв. 


Холбоотой мэдээ