Жолооч нар хилээр нэвтрэхийн тулд 3-5 хоног зарцуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Шуурхай ажлын хэсэг Булган сумын Ярантын боомтын үйл ажиллагаанд эрсдэлийн үнэлгээ хийлээ.
Сүүлийн үед
зарим улсад шинэ төрлийн коронавирусний халдвар хурдацтай нэмэгдэж
байгаа. Үүнтэй холбогдуулан мэргэжлийн байгууллагууд урьдчилан сэргийлэх
ажлыг эрчимтэй хэрэгжүүлж буй.
Одоогоор
хилийн боомтоор иргэдийн зорчих хөдөлгөөнийг хориглосон боловч нүүрс тээвэрлэх
үйл ажиллагаа үргэлжилж байна. Иймд Ховд аймгийн Онцгой комиссын хурлаар Булган
сумын Ярантын боомтын үйл ажиллагаанд эрсдэлийн үнэлгээ хийх, ариутгал
халдваргүйтгэлийн явцад хяналт тавих, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилго
бүхий “Шуурхай ажлын хэсэг”-ийг томилсон. Тэгвэл Ховд аймгийн Засаг
даргын орлогч Ч.Уранчимэгээр ахлуулсан Шуурхай ажлын хэсэг хоёрдугаар
сарын 05-06-нд Булган сумын Ярантын боомт, Цэцэг сум дахь Хөшөөтийн уурхай
дээр ажиллалаа.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн "Мо-Эн-Ко" ХХК-ийн Хөшөөтийн уурхайн удирдах ажилтнуудтай уулзаж, нүүрс тээвэрлэлт хийж буй жолооч нарын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаа тухай ярилцсан юм.
Энэ үеэр ажлын хэсгийнхэн шинэ
төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлд
анхаарч ажиллах, жолооч нарын хоол хүнсний чанарыг сайжруулах, амны хаалт, ариутгалын бодисын хангамж нэмэгдүүлэх шаардлагатай гэж зөвлөв. Мөн "Мо-Эн-Ко" ХХК-ийн Хөшөөтийн уурхайн эм хангамжийн нөөцийн судалгаа хийж,
эмнэлгийн бэлэн байдлыг шалгалаа.
Хөшөөтийн уурхайгаас БНХАУ руу 25 компанийн 400 гаруй жолооч нүүрс тээвэрлэлт
хийдэг. Өдөрт 100 гаруй машин Ярантын боомтоор дамжин нүүрс тээвэрлэж байсан бол
сүүлийн үед шинэ төрлийн коронавирусний халдвартай холбоотойгоор өдөрт 30 орчим
машин нүүрс тээвэрлэж байна.
Ажлын хэсгийнхэн
нүүрс тээвэрлэж буй зарим жолооч нартай уулзаж, тэдний санал бодлыг сонслоо
Одоогийн байдлаар хилийн боомтоор нүүрс тээвэрлэх ажилд ачаалал үүсэж, Булган сумын Ярантын боомтоос 5 км орчим зайд буюу “Гурвын хаалт” гэх газарт 60-70 машин дараалал үүсгэн зогсож байна. Тэдгээр жолооч нар хилээр нэвтрэх дарааллаа хүлээн машиндаа 3-5 хонож байна.
Мөн хилийн цаана хоол хүнсний хангамж
хүртээмжгүй байгаа учраас биеийн дархлаа суларч, өвчлөх эрсдэл өндөр байна
хэмээн жолооч нар ярьж байлаа. Мөн шинэ
төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор амны
хаалт хэрэглэх, ариутгал хийх зэрэг нь хангалтгүй түвшинд байгаа гэв.Үүнээс
гадна Булган сумын Ярантын боомтод үйл ажиллагаа явуулж буй найман
байгууллагын 50 гаруй ажилтан, албан хаагчид хамгаалалтын хувцас, эмнэлгийн
хэрэгсэл олгох, нөөц хангамж бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай гэх санал хэллээ.
Мөн хилийн
боомт дээр ариутгал халдваргүйтгэлийн бодисын нөөц бага байгаа бөгөөд нэг машины
дугуй халдваргүйжүүлэхэд 5-8 кг хлорын шохой ашиглаж буй.
Ажлын хэсгийнхэн хилийн боомтын үйл ажиллагааны эрсдэлийн үнэлгээний нэгдсэн дүгнэлт, өнөөгийн нөхцөл байдал, жолооч нарын саналыг аймгийн Онцгой комисст танилцуулна. Цаашид нүүрс тээвэрлэлтийн ачилтын хуваарьт өөрчлөлт оруулах, зохион байгуулалтыг сайжруулах, түр зогсоох тухай санал уламжилж ажиллана гэв.