Сумын аюулгүйн нөөц дэх өвсний хэмжээг тодорхойлох судалгаа хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-02-07 21:46:29

Ховд /МОНЦАМЭ/. НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн “Техникийн туслалцааны төсөл”-ийн ажлын хэсэг Ховд аймагт ажиллав.  

НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр, “Мерси Кор” олон улсын байгууллага болон бусад холбогдох төрийн байгууллагууд хамтран 2019 оноос эхлэн Монгол Улсад техникийн шинэчлэлийг ашиглан гамшгийн эрсдэлийг бууруулах “Техникийн туслалцааны төсөл” хэрэгжүүлж байна. 

Тус төсөл нь гар утасны мессеж үйлчилгээний тусламжтайгаар төв суурин газраас алслагдсан нутаг дэвсгэрт амьдарч буй иргэн, малчдад 14 төрлийн хэрэгцээт мэдээллийг шуурхай хүлээн авах боломж бүрдүүлэх зорилготой аж.

Мөн малчдаас ган, зудын эрсдэлийн зураглал болон мал аж ахуй, ХАА-н салбарын бусад хэрэгцээт мэдээллийг цуглуулах замаар байгалийн гамшигт үзэгдлийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд дэмжлэг үзүүлэх мэдээллийн сан бүрдүүлэх юм.

Аймгийн Засаг дарга Б.Дүгэржав энэ сарын 05-ны өдөр НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн зохицуулагч Дарко Петрович болон төслийн багийн гишүүдийг хүлээн авч уулзжээ.

Энэ үеэр аймаг орон нутгийн өвөлжилтийн нөхцөл байдлыг танилцууллаа. Мөн зудын эрсдэлийг зөв тодорхойлоход анхаарах зүйлсийн тухай санал солилцов. Мерси кор олон улсын байгууллагаас 3, 4 дүгээр сард сумдын аюулгүйн нөөц дэх өвсний хэмжээг тодорхойлох судалгаа хийнэ. Үүнд Ховд аймгийн сумдыг хамруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэж аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.  

 

Холбоотой мэдээ