Коронавирусний халдварын сэжигтэй иргэдийг тусгаарлах эмнэлэг бэлдэнэ

ТОЙМ
ariunbold@montsame.gov.mn
2020-02-08 14:04:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын улс төрд өнгөрч буй долоо хоногт өрнөсөн үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


НӨАТ-ын буцаан олголт ба МСҮТ-ийн тэтгэлэг



Засгийн газрын энэ долоо хоногийн ээлжит хуралдаанаар 20 асуудал хэлэлцсэн. Үүнээс гурван шийдвэрийн мэдээллийг Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцан албанаас нийтэд мэдээлсэн юм. 

Тухайлбал, НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 10-наас иргэдийн дансанд шилжүүлэхээр болжээ. Энэ жил 912 мянган иргэнд 142 тэрбум төгрөг буцаан олгох юм. Татварын багц хуулийг шинэчилсэнтэй холбоотой цаашид НӨАТ-ын буцаан олголтыг улирал бүр иргэдийн дансанд шилжүүлэх юм. "Ebarimt" системийг ашиглан НӨАТ-ын буцаан олгох урамшууллаа авахгүйгээр автомашины татвар төлөх зэрэг төрийн үйлчилгээ авах боломж бүрдсэн гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар онцолсон юм.

Мөн хуралдаанаар Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагчдад олгох тэтгэлгийг сард 200 мянган төгрөг байхаар тогтоов. Тодруулбал, МСҮТ-ийн 2.5 жил, нэг жилийн өдрийн анги, техникийн боловсрол эзэмшүүлэх гурван жил, 1.5 жилийн өдрийн ангид суралцагч, ажил олгогчийн захиалгаар 4-6 хүртэл сарын сургалтад хамрагдаж байгаа 45 хүртэл насны  суралцагчид сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгоно. Гэхдээ суралцагч нь сургуулийн дотоод журам болон ёс зүйн дүрэм зөрчөөгүй, тухайн сарын онол, дадлагын хичээлийн 75-аас дээш хувьд нь суусан байх ёстой. 2019-2020 оны хичээлийн жилд мэргэжлийн боловсролын 80 байгууллагад 37.5 мянган хүн суралцаж байгаагийн 36 мянга гаруй нь мэргэжлийн болон техникийн боловсролын өдрийн ангийнх юм байна.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар АНУ-ын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээх асуудлыг хэлэлцээд, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороотой зөвшилцөхөөр болов. Чикаго хот орчимд 8000 монгол иргэн амьдарч байна. Ажлын байрны олдоц сайн, амьжиргааны зардал харьцангуй бага, байрны түрээс хямд, шинээр мэндэлсэн хүүхдийг даатгалд хамруулж 16 нас хүртэл нь эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг зэрэг халамжийн ээлтэй бодлоготой учир тус хот болон ойр орчимд монголчууд ихээр суурьшдаг байна.


Коронавирусний эрсдэлээс сэргийлэх Улсын онцгой комиссын ээлжит шийдвэр



Улсын онцгой комисс энэ сарын 5-нд хуралдаж, БНХАУ-д анх дэгдсэн шинэ коронавирусний халдварын сэжигтэй оноштой иргэдийг тусгаарлах, эмчлэх зорилгоор нэг эмнэлгийг суллаж бэлэн байлгахаар боллоо. 

Хилээр орж ирж байгаа монгол иргэдийг тухайн боомтод түр хугацаагаар тусгаарлах байр гаргах нь зүйтэй гэж үзсэн байна. Замын-Үүд, Буянт-Ухаа, Гашуунсухайт зэрэг нэр бүхий боомтод Онцгой комиссын шуурхай ажлын баг ажиллахаар болов. Ажлын хэсэг хилийн боомт дахь хил, гааль, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын ажилтнуудын ажиллаж байгаа өнөөгийн нөхцөлтэй танилцан, тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлийг нь хэрхэн шийдвэрлэх тухай саналаа танилцуулах юм. 

Хилийн хорио тавьснаас хойш 6000 гаруй монгол иргэн хилээр орж ирсэн бөгөөд Замын-Үүд боомтын ачаалал ихсээд байна. Өчигдөр гэхэд л 378 автомашин, галт тэргээр 1000 гаруй иргэн нэвтэрчээ. 2020 оны хоёрдугаар сарын 6-наас хойш 2020 оны гуравдугаар сарын 2 хүртэл монгол иргэдийг зөвхөн Буянт-Ухаа болон Замын-Үүд боомтоор оруулахаар болсон юм.

Үүнээс гадна БНХАУ-ын Хунань мужид шувууны томуу /H5N1/ гарсан тул тус улсаас гахай, тахианы мах, тэжээл, өндөг импортоор оруулахыг түр хугацаагаар хориглох саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр болов.


Гадаад харилцааг хөгжүүлэх УИХ-ын даргын уулзалтууд



УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрч буй долоо хоногт Япон, Казахстан, Канад болон БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа.

Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюкитэй уулзахдаа хоёр орны уламжлалт, найрсаг харилцаа цаашид шинэ агуулга, хэлбэрээр өргөжин баяжна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн. Элчин сайд Кобаяши Хироюки эдийн засаг, худалдаа, бизнесийн харилцааг эрчимжүүлэх боломж бий хэмээгээд “Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээр байгуулаад тодорхой хугацаа өнгөрсөн хэдий ч Монгол Улсаас Япон руу хийж буй экспортын хэмжээ дорвитой нэмэгдээгүй. Тиймээс Элчин сайдын хувиар би үүнд анхаарал хандуулан Монгол Улсын холбогдох төрийн байгууллага, хувийн хэвшлийнхэн, үйлдвэрлэгчидтэй уулзаж, хамтран ажиллаж, дэмжлэг туслалцаа үзүүлэх болно” гэлээ.

Монгол Улсаас Олон Улсын Валютын Сантай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Япон Улсын Засгийн газраас дэмжлэг үзүүлж хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгохоор шийдвэрлэсэнд талархаж байгаагаа УИХ-ын дарга Г.Занданшатар илэрхийлээд, энэ санхүүжилтийн II хэсгийг олгох асуудлыг шийдвэрлэхэд дэмжин ажиллахыг Элчин сайд Кобаяши Хироюкигоос хүсэв.

Харин Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жалгас Адылбаевтай уулзахдаа өндөр, дээд хэмжээний харилцан айлчлалуудыг тогтмолжуулж, эдийн засаг, худалдаа, аялал жуулчлал, соёл, хүмүүнлэгийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр анхаарах хэрэгтэй байгааг дурдсан.


Элчин сайд Жалгас Адылбаев 25 жилийн дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийсэн албан ёсны айлчлал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсныг дурдлаа. Айлчлалын үеэр хэлэлцэн тохирсон гэрээ, хэлэлцээрт тусгасан асуудлыг бодит ажил хэрэг болгох чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд Монгол, Казахстаны Засгийн газрын комиссын ээлжит VIII хуралдааныг энэ оны дөрөвдүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсныг онцлов. Тэрбээр, "Мөн БНКУ-ын Ерөнхий сайд А.У.Мамин энэ оны тавдугаар сард Монгол Улсад айлчлахаар төлөвлөж байгаа бол Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ онд тус улсад айлчилна" гэлээ.

Монгол, Канад нь ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн адил үнэт зүйлстэй бөгөөд хамтын ажиллагааг зөвхөн уул уурхайгаар хязгаарлахгүй худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг бусад салбарт хөгжүүлэх сонирхолтой буйгаа Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Катрин Ивкофтой уулзахдаа дурдсан юм.


Элчин сайд К.Ивкоф хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг цаашид бүхий л чиглэлээр хөгжүүлэх, ялангуяа Канадын хөгжлийн тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа нотлов. Түүнчлэн Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улсад мэргэшсэн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь" төслийн талаар мэдээлэл өгсөн юм.

Төрийн бодлого, үйл ажиллагааны залгамж чанар, төрийн албаны мэргэшсэн тогтвортой байдлыг хангах үр дүнтэй механизм бүрдүүлэх, төрийн албанд чадахуйн зарчмыг хэвшүүлж төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэх, ёс зүй, сахилга, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх алхам хийхэд дээрх төсөл чухал дэмжлэг болсныг УИХ-ын дарга Г.Занданшатар цохон тэмдэглэв.

БНСУ нь Монгол Улсын гуравдагч хөрш төдийгүй худалдаа, эдийн засгийн харилцааны чухал түнш орон гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Ё Хунтай уулзахдаа онцолсон.


Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улс, БНСУ-ын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд шат ахиулан хөгжүүлэх талаар Төрийн тэргүүн нарын түвшинд тунхаглахад чиглэсэн бэлтгэл ажлыг хангах талаар Элчин сайдын хувьд хүчин зүтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, “Стратегийн түншлэл”-ийн харилцааны түвшинд дүйцүүлэх талаар хамтран ажиллах нь нэн чухал гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэсэн.

БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён хоёр улсын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд шат ахиулах асуудлыг дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаагаа дуулгав. 


Тангараг ба томилгоо



Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-ны шинээр томилогдсон таван гишүүн Төрийн ордонд энэ сарын  6-нд тангаргаа өргөлөө.

УИХ-ын чуулганы 2020 оны нэгдүгээр сарын 8-ны хуралдаанаар, СЕХ-ны гишүүнээр ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Ганбатыг дахин томилж, ЕТГ-ын дэд дарга Г.Байгалмаа, УУХҮЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Э.Батболд, СЕХ-ны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн, ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар нарыг шинээр томилсон билээ.

Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Хорооны гишүүн томилогдсоноосоо хойш 21 хоногийн дотор “Би Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөнө” гэж заажээ. Энэ дагуу УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос СЕХ-ны гишүүний тангараг өргөх ёслолыг зохион байгуулжээ.

Засгийн газрын шийдвэрээр БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлийг чөлөөлж, Д.Ганболдыг томилоод байна. Ц.Цэнгэл нь Монгол Улсаас Болгар улсад суух Элчин сайдад нэр дэвшсэн учраас ажлаас нь чөлөөлжээ.


БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон Д.Ганболд нь Засгийн газрын ХЭГ-т Захиргаа, хүний нөөцийн газрын даргаар ажиллаж байсан юм. Үүний өмнө тэрээр 2003-2004 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах, 2006-2016 онд Засгийн газрын ХЭГ-т шинжээч, Засгийн газрын референт, 2015 онд Сангийн яаманд Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар тус тус ажиллаж байсан, статистик-эдийн засагч мэргэжилтэй, Эдийн засгийн ухааны магистр юм.

Холбоотой мэдээ