Гэри Рассель Н.Төгсцогтыг ялж аваргаа хамгаалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-02-10 04:51:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Пенсильвания мужийн Аллентаун хотын “PPL Center” спортын ордонд бямба гарагийн үдэш буюу 2020 оны хоёрдугаар сарын 8-нд мэргэжлийн боксын WBC холбооны 57,2 кг-ын жингийн дэлхийн аварга “Мистер” хочит Бага Гэри Рассель цол хамгаалах тулаанаа IBO холбооны дэлхийн аварга, “King Tug”  хочит Нямбаярын Төгсцогттой тулалдан ялж аваргаа хамгаалав.


Тэрбээр, Би Чингисийн дайралтыг зогсооно гэсэн амлалтаа ийнхүү биелүүлэв. “King Tug” Н.Төгсцогт 12 үеийн турш урагш довтолж тулалдсан хэдий ч оновчтой цохилт тун цөөхөн байж, туршлагатай тамирчны арга эвийг ололгүй байсаар ялагдал хүлээв.


Хашир боксчин Гэри Рассель хурдтай, хараатай тамирчин гэдгээ харуулж хэд хэдэн оновчтой цохилт хийж давуу байдлаа хадгалсаар Дэлхийн аваргын бүсээ хамгаалж чадлаа. Н.Төгсцогтын хувьд энэхүү WBC-гийн аварга тамирчинтай тоглож маш их туршлага хуримтлуулж авлаа. Одоо түүнд ялагдсан алдаанаасаа сургамж авч, хурд, хүч, техник тактикаа улам боловсронгуй болгож дараагийн тулаанд ялалт байгуулахыг зорих үлдлээ. 


“King Tug” Н.Төгсцогтын хувьд нас залуу, боломж нээлттэй байгаа учраас монголчуудаа баярлуулах ялалтын өдөр тун удахгүй ирэх биз ээ.

Холбоотой мэдээ