Ц.Сэвжидийн 100 жилийн ойг тэмдэглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-04-25 15:38:34

Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байна.

Ойг тохиолдуулан ҮДБЭЧ, Монголын Урлагийн ажилтны холбоо, Сэвжид сан, Монголын Бий биелгээний холбоо, “Урлаг маркет” ХХК-иас санаачлан “Ц.Сэвжид-100 жил” төслийн хүрээнд жилийн турш хөтөлбөр хэрэгжүүлэн, тоглолт зохион байгуулах гэж байгаа талаар өнөөдөр ҮДБЭЧ-ын  уран бүтээлчид мэдээлэл хийв.

Ойн хүрээнд өнгөрсөн нэгдүгээр сарын 12-нд Италийн Женова хотод “Монгол бүжгийн гайхамшиг” тоглолт, гуравдугаар сарын 22-нд ҮДБЭЧ-ын тайзнаа “Нарны домог” анхны бүжгэн жүжиг, дөрөвдүгээр сарын 16-нд “Монгол бүжгийн гайхамшиг” тоглолтыг тус тус толилуулжээ.

Энэ сарын 29-нд тохиох “Дэлхийн бүжгийн өдөр”-ийг тохиолдуулан “Ардын бүжиг амьдрал минь билээ” бүжигчдийн нэгдсэн тоглолтыг толилуулах юм. Тоглолтод УДБЭТ, ЦДБЭЧ, ХЦДБЧ, “Түмэн-Эх” чуулга, СУИС, ХБК-ийн бүжигчид бүрэн бүрэлдэхүүнээр оролцох аж.

Мөн ойн хүрээнд “Сэвжид 100 жил” хүндэтгэлийн тоглолт, “Монголын бахархал” гурвалсан бүжгэн жүжиг, “Алтан ураг” бүжгэн жүжиг зэрэг тоглолтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Ц.Сэвжид нь 1959-1984 онд Улсын Ардын Дуу Бүжгийн Чуулгад бүжиг дэглээчээр ажиллах хугацаандаа “Адуучин”, “Саальчин”, “Ээрүүлт”, “Хөдөө нутгийн залуус”, “Жалам хар”, “Баруун Монгол биелгээ”, “Монгол ардын биелгээ” зэрэг бүжгийг дэглэжээ. Үүнийг нь төрөөс өндрөөр үнэлж Төрийн шагнал хүртээжээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ