Говь-Алтайн оёдлын цехүүд амны хаалт үйлдвэрлэнэ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-02-13 14:20:01

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Шинэ төрлийн коронавирусний халдвараас сэргийлэх арга хэмжээний хүрээнд Говь-Алтай аймгийн Онцгой комиссоос орон нутгийнхаа оёдлын цехүүдтэй хамтран амны хаалтыг оёж худалдаанд гаргахаар боллоо. 


Одоогоор материалаа татах ажил хийж байгаа, удахгүй худалдаанд гарч эхлэх учир ард иргэдийг даавуун амны хаалтыг хоёр цаг тутамд угааж, индүүдэж хэрэглэхийг тус аймгийн ЭМГ-аас уриалав. Зөвхөн Говь-Алтай аймагт бус улсын хэмжээнд амны хаалтны хомсдол үүсээд буй энэ цагт даавуун амны хаалтыг өөрсдөө оёж хэрэглэх нь гэр бүл, хайртай хүмүүсээ халдварт өвчнөөс хамгаалах чухал ач холбогдолтой гэдгийг онцолсон юм.

Түүнчлэн шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд ард иргэдэд хэд хэдэн зөвлөмжийг хүргэлээ. Тухайлбал, гадаад оронд зорчихгүй байх, гараа тогтмол угаах, амны хаалт зүүх, бага насны хүүхдийг гадуур дагуулж явахгүй, гэрт нь дулаан байлган дархлааг нь дэмжихийг зөвлөлөө.


Холбоотой мэдээ