Хар тамхинаас эмчилж ангижрахыг уриалж байна

Хөндөх сэдэв
192@montsame.mn
2020-02-12 16:36:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад хар тамхи, мансууруулах бодистой тэмцэхэд төрийн бус байгууллагуудын оролцоо чухал болсоор байна.

Өнөөдрийн байдлаар Монголд “Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг”, “Хар тамхитай тэмцэх мэдлэг", “Хорт зуршлаас сэргийлэх нийгэмлэг” гэсэн хар тамхи, мансууруулах бодисын эсрэг нийгэмд үйлчлэх 5-6 ТББ үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр байгууллагаас нийгэмд тахал болоод буй хар тамхинаас иргэд, ялангуяа залуусыг гаргахын тулд соён гэгээрүүлэх, сургалт боловсролын үйл ажиллагаанаас гадна мансууруулах төрлийн бодис хэрэглэгч нарыг эмчилж эдгэрүүлж байж энэхүү тахлаас ангижрахыг уриалж байна.

Учир нь манай улсад хар тамхи болон энэ төрлийн мансууруулагч бодис хэрэглэгчийн тоо 70-80 мянгад хүрч, залуужиж буй тоо баримт байна. Жилд энэ төрлийн хэрэгт 400-500 хүн холбогдож шүүх, хуулийн байгууллагад хэрэгтэн, холбогдогчоор татагдаж байна. Энэ бүхэн Монгол Улсын ирээдүйд аюулын харанга дэлдэж байна гэсэн үг. 


Дэлхийн гаалийн байгууллагаас болон олон улсад хар тамхи, мансууруулах бодисыг шууд хил дээр илрүүлж, энэ төрлийн үйлдэл бүхий хэргийг таслан зогсоож, олон нийтэд зарлан хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлах нь гол бус, хууль сахиулах байгууллага иргэний нийгмийн бусад байгууллагатай нягт хамтран ажиллаж, гэмт хэргийг оролцогч нэг бүрээр, шат тус бүрээр бүрэн илрүүлэх ёстой гэсэн зарчмыг баримталж, ийм чиг үүргийг өгдөг байна. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцид ч энэ талаар заалтуудыг тусгасан байдаг байна. 


"Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг"-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, доктор, профессор Ш.Лхагвасүрэнгийн хэлснээр иргэний нийгмийн байгууллагууд өнгөрсөн хугацаанд нийгмийн хүрээнд 46 төсөл хэрэгжүүлж, хар тамхи, мансууруулах бодис тарьж хэрэглэдэг 18 хүн, татаж хэрэглэдэг 35 хүн, мөс хэрэглэдэг 3 хүн, мөн архины хамааралтай 63 эмэгтэйчүүдийг, тамхины хамааралтай 300 хүнийг хорт зуршлаас нь ангижруулжээ. 


Бүртгэгдсэн нийт холбогчдын 49 хувийг 19-25 насныхан, 43 хувийг 26-35, 7 хувийн 36-45 насныхан, үлдсэн нэг хувийг 46-55 насныхан эзэлж байна. Дээрх тоо баримтаас харахад хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, үүнтэй холбоотой хэрэгт 35 хүртэл насныхан илүү холбогдож байна. 


Анх "Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг" 1999 онд байгуулагдаж байх үед 45 хүүхэд хар тамхинд холбогдон эмнэлгийн үзлэг шинжилгээгээр орж багш, эцэг, эхийн хамтарсан зан үйлийн төлөвшлийн болон сэтгэл зүйн сургалтад хамруулж байснаас 25 хүүхэд хорт зуршлаа орхиж байжээ. 45 хүүхдээс 4 нь байнгын хэрэглэгч байсан анхны судалгаагаар гарч байв. Үүний дараа 2000 оны эхээр НҮБ-ын хар тамхинд хяналт тавих Хорооны санхүүжилтээр хийсэн судалгаагаар манай улсад мансуурах бодис хэрэглэгч 7 хүн нэмэгдэн 52 хэрэглэгч бүртгэгдэж байжээ. 

Одоогийн байдлыг өмнөх судалгаануудтай харьцуулахад хэрэглэгчийн тоо 10 гаруй хувиар нэмэгдсэн дүн гарч байна. "Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг"-ийн мэдээгээр хэрэглэгч гэдгээ хүлээн зөвшөөрсөн 986 хүн байна. Гэтэл үүний цаана нууц байдалд олон хүн байгааг мэдээлж байна. 


ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсээс гаргасан тоогоор манай улсад хар тамхи болон энэ төрлийн мансууруулагч бодис  хэрэглэгч 966 хүн байна. 2017 онд хар тамхи, мансуурах бодисын хэрэглээтэй холбоотой 117 хэрэгт 275 хүн холбогдож байсан бол 2019 онд 197 гэмт хэрэгт 403 хүн холбогдоод байна. Бүртгэгдсэн нийт холбогчдын 49 хувийг 19-25 насныхан, 43 хувийг 26-35, 7 хувийн 36-45 насныхан, үлдсэн нэг хувийг 46-55 насныхан эзлэн холбогдож байна. Дээрх тоо баримтаас харахад хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, үүнтэй холбоотой хэрэгт 35 хүртэл насныхан илүү холбогдож байна. 

Манай улс хар тамхи хэрэглэгчийн тоогоор дэлхийд тэргүүлдэг БНХАУ, ОХУ-тай хиллдэг тул Монгол Улсад хар тамхи, мансууруулах бодис хэрэглэхээ урьдчилан сэргийлэх шаардлагатайг ТББ, мэргэжлийн байгууллагуудаас анхааруулан сануулж байна. 

Тодруулга: Манай улс 2018 онд "Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газрын хуралдаанаар батлан гаргасан юм. 

Б.Болд

Холбоотой мэдээ