Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-02-13 23:11:02

Увс /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аймгийн Онцгой комисс хуралдаж, зарим шийдвэр гаргав.

Тухайлбал,хоёрдугаар сарын 13-наас эхэлж аймгийн нутаг дэвсгэр дээр архи согтууруулах ундааг 15 цагаас хойш худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглох, баар, караокены үйл ажиллаагааг зогсоох, ресторан, гуанз, зоогийн газруудыг оройн 20 цаг хүртэл ажиллуулахаар болов.

Мөн сурагчдыг гадуур сэлгүүцэхгүй байх, олон нийтийн газраар хүүхэд дагуулж явахгүй байх, үүнд эцэг эхчүүд болон цагдаагийн байгууллага хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон.

Тэрчлэн захирамж зөрчиж үйл ажиллагаа явуулж байгаа төлбөрт тоглоомын төвүүдийн үйл ажиллагааг зогсоох, хариуцлага тооцох, Цагаан сар тэмдэглэхгүй байх, аймаг, сум дамжин золголт хийхгүй байх, гандан, хийдүүд ном хурж олон нийтийг цуглуулахгүй байх зэргийг хориглосон юм.

Үүнээс гадна эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ, эм эмнэлгийн хэрэгсэл тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж ажиллах, шаардагдах санхүүгийн асуудлыг шийдвэрлэх, вирусний халдвараас урьдчилан сэргийлэх, нөхцөл байдлын талаарх албан ёсны, үнэн бодит мэдээ мэдээллийг мэргэжлийн байгууллагаас авч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлэх, нийтийн тээврийн хэрэгсэл автобус, онгоцоор зорчигчдод бүртгэл судалгаа хийж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, халууныг үзэж хэмжих, хилийн хяналтыг сайжруулах, тандалт судалгааг эрчимжүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо.

Энэхүү шийдвэрийн биелэлтэд холбогдох албаны хүмүүс хяналт тавьж ажиллана

Холбоотой мэдээ