Цай Вэньруй: Гар сунган тусалж буй Монголын төр засаг, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-02-14 15:15:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй бараалхав.


Итгэмжлэх жуух бичгээ Монгол Улсын Ерөнхийлөгчид барьсан Элчин сайдад Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар баяр хүргээд, Монголыг сайн мэддэг, Монголд олон жил ажилласан, хуучны танил хүрэлцэн ирсэнд таатай байгаагаа илэрхийллээ. 


Ноён Элчин сайд, цаг гарган хүлээн авч уулзаж буй УИХ-ын даргад талархал илэрхийлээд БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны дарга Ли Жаньшугийн мэндчилгээг уламжиллаа. Сүүлийн жилүүдэд БНХАУ Монгол Улсын сайн хөршийн харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй, амжилттай хөгжиж ирснийг тэрбээр тэмдэглээд БНХАУ үүнд ихээхэн сэтгэл хангалуун байгааг дуулгав. 


Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Си Жиньпин 2013 онд Монгол Улсад айлчилснаар манай хоёр улс “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон. Ингэснээр манай хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарсан юм. БНХАУ Монгол Улстай “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцааг баяжуулах, гүнзгийрүүлэх бодлогыг тууштай баримталж байгааг ноён Элчин сайд хэлээд “Миний бие Элчин сайдаар ажиллах хугацаандаа төр засгийн энэхүү гадаад бодлогыг ёсчлон баримталж Монгол Улсын холбогдох байгууллагуудтай элэгсэг дотноор хамтран ажиллахад бэлэн байна” гэлээ. Цаашид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүх чиглэлээр идэвхжүүлэхийн чухлыг тэмдэглээд, ялангуяа эдийн засгийн харилцан ашигтай, харилцан хүртээмжтэй хамтын ажиллагааг чухалчилж байгаагаа ноён Элчин сайд Цай Вэньруй хэллээ. Энэ хүрээнд чөлөөт худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг хамтран урагшлуулна гэдэгт итгэлтэй байна гэв.



УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ “БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны дарга Ли Жаньшуд бидний мэндчилгээ, эв санааны нэгдлийг албан ёсоор уламжилж өгөхийг хүсэж байна” гэв. Арваад жилийн өмнө миний бие Гадаад харилцааны сайдаар ажиллаж байх үед ноён Цай Вэньруй Та БНХАУ-ын Элчин сайдын яаманд ажиллаж байсан. Тэр үед Монгол Улс, БНХАУ-ын хооронд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоох тунхаг бичгийг байгуулахад гар бие оролцож байсныг дурсахад таатай байна" гэлээ. 


Монгол Улс, төр засаг, түүний дотор Улсын Их Хурал халдварт вирусээс иргэдээ болон дэлхий дахиныг хамгаалах, учирсан хор уршгийг богино хугацаанд даван туулахаар тэмцэж буй БНХАУ-ын ард иргэдтэй эв санааны нэгдэлтэй байна. Хүн төрөлхтний өмнө тулгарч буй энэхүү сорилт, бэрхшээлийг бид хамтдаа давж гарах болно. Тэр дундаа БНХАУ сорилт, бэрхшээлийг богино хугацаанд амжилттай давна гэдэгт итгэлтэй байна хэмээн УИХ-ын дарга онцлов. ДЭМБ-аас манай улсыг эрсдэл өндөртэй орны тоонд оруулж, бэлэн байдалд байхыг сануулсан. Тиймээс Засгийн газар хуралдаж Монгол Улс, БНХАУ-ын бүх боомтуудаар ирэх иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргаад байна. Энэ талаар “Хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээр”-ийн дагуу Хятадын талд албан ёсоор мэдэгдэж байгаа болно. Өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор манай талаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг зөвөөр ойлгоно гэдэгт итгэж байна гэв. 



Элчин сайд хэлэхдээ “БНХАУ-ын дарга Си Зиньпин биечлэн удирдаж, Засгийн газрын тэргүүн Ажлын багийг ахалж корона вирусний халдвар, тархалттай тэмцэж байна. Бид ард нийтийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах асуудлыг эн тэргүүнд тавьж, улсын хэмжээнд халдвараас урьдчилан сэргийлэх нэгдсэн тогтолцоо бүрдүүлэн, эрчимтэй ажиллаж байна. Халдварыг дотооддоо хязгаарлах, гадагшаа тархаахгүй байхад онцгой анхаарч байгаа нь үр дүнтэй байна” гэлээ. Түүнчлэн уг асуудлаар олон улсын түвшинд нээлттэй, ил тод хамтран ажиллаж байгааг тэмдэглэн хэлэв. Мөн Монгол Улсад нэг ч тохиолдол илрээгүйд нэн баяртай байгаагаа ноён Элчин сайд Цай Вэньруй илэрхийлсэн. 


Монгол Улсын Засгийн газраас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээг бүрнээ дэмжиж байгаагаа илэрхийлээд, цаашид шинжлэх ухааны үндэслэл, бодит байдалд нийцүүлэн хорио цээрийн дэглэмийг зөөлрүүлнэ гэдэгт найдаж байгаагаа хэлсэн юм. Мөн тэрбээр “Монгол Улсын зүгээс манай улс, ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлсэн явдалд бид туйлын их баярлаж, талархаж байна. Монголын ард түмэн гар сунган тусалж буйд Засгийн газар болон ард түмнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархлаа илэрхийлье” гэлээ. 


Ноцтой цаг үед нийгмийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс авч хэрэгжүүлсэн хорио цээрийн дэглэм нь эдийн засаг, ачаа тээвэр, бизнесийн хамтын ажиллагаанд брхшээл,саад учруулж буй хэдий ч хамтын ажиллагааны цар хүрээгээ хэрхэвч сааруулж болохгүй гэдгийг Элчин сайд Чай Вэньрүй тэмдэглэн хэлсэн. 


Бодит эх сурвалжаас нөхцөл байдлын талаарх мэдээллийг тухай бүр хүлээн авч, нааштай үр дүн гарч байгаад баяртай байгаагаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн. Монгол Улс урьдчилан сэргийлэх шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа бөгөөд цаашид цаг үеийн бодит нөхцөл байдалд нийцсэн, зайлшгүй шаардлагатай арга хэмжээг Монгол Улсын төр засгаас хойшлуулалгүй авч хэрэгжүүлэх болно гэлээ. 



Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, бэхжүүлэх чиглэлээрх Элчин сайдын санаачилгыг хууль тогтоох дээд байгууллага бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлээд “Та амаргүй бэрхшээл тулгарсан, онцлогтой цаг үед Элчин сайдаар томилогдон ирлээ. Хүн төрөлхтний өмнө тулгараад буй энэхүү бэрхшээл, сорилтыг бид эв санааны нэгдэлтэйгээр даван туулж чадна гэдэгт итгэлтэй байна. Танд ажлын өндөр амжилт хүсье” гэв.

Холбоотой мэдээ