Хүүхдийн баярын тоглолтын найруулагчийн сонгон шалгаруулалт зарлагдлаа

Монголын мэдээ | Нийгэм
nandintsetseg@montsame.gov.mn
2020-02-15 13:43:24
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэх ажлын хүрээнд нийслэлийн иргэд, хүүхэд багачуудад зориулан зохион байгуулах “Монгол хүүхдүүд” сэдэвт тоглолтын хөтөлбөр, найруулгын төслийн нээлттэй сонгон шалгаруулалт зарлагдлаа.

“Монгол хүүхдүүд” баярын тоглолтыг 2020 оны зургаадугаар сарын 1-ний өдрийн 11:00-18:00 цагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах бөгөөд сонгон шалгаруулалтад Монгол Улсын иргэн, аж ахуй нэгж, мэргэжлийн болон чөлөөт уран бүтээлчид хамтарсан мэргэжлийн баг төсөл боловсруулан оролцох боломжтой.

Сонгон шалгаруулалтад оролцогч нь урьд өмнө нь зохион байгуулж байсан соёл, урлагийн чиглэлийн томоохон үйл ажиллагаануудын товч мэдээлэл болон найруулагчийн ур чадварыг илтгэх танилцуулга, Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах тоглолтын хөтөлбөр, найруулгын саналаа боловсруулан төсөл хэлбэрээр битүүмжлэн гуравдугаар сарын 6-ны өдрийн 17:00 цагаас өмнө нийслэлийн Соёл, урлагийн газарт хүлээлгэн өгсөн байх юм.

Сонгон шалгаруулалтыг нийслэлийн Соёл, урлагийн газар үндсэн шалгуур үзүүлэлтүүдийн дагуу ажлын таван хоногт багтаан шалгаруулах бөгөөд дүнг гуравдугаар сарын 13-ны өдөрт багтаан зарлаж, шалгарсан төслийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлэн батлуулах аж.

Холбоотой мэдээ