БНХАУ-ын хүчин чармайлт үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-02-17 11:43:59

ИСЛАМАБАД. /Xinhua/. Шинэ төрлийн коронавирусээр үүсгэгддэг уушгины хатгалгааны тархалтын эсрэг гаргаж буй БНХАУ-ын хүчин чармайлт үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш өнгөрсөн ням гарагт мэдэгджээ.


“Хятадын Засгийн газар халдварын тархалтыг бууруулах чиглэлд ихээхэн хүчин чармайлт гаргаж, олон арга хэмжээ хэрэгжүүлж байна. Эдгээр нь үр дүнгээ өгнө гэдэгт бид маш итгэлтэй байна” гэж А.Гутерреш Пакистаны Ерөнхий сайдтай хамт оролцсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ. Мөн тэрбээр коронавирусний тархалт томоохон сорилт болж буйг онцлоод, аливаа асуудлыг хурдан шийдвэрлэхэд хүндрэлтэй байдаг хэдий ч Хятад улс маш сайн хариу арга хэмжээ авч байна гэж нэмж хэлсэн байна.


А.Гутерреш НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хашиж эхэлснээсээ хойш Пакистанд анх удаа албан ёсны айлчлал хийж буй нь энэ юм. Тэрбээр дөрвөн өдрийн айлчлалынхаа хүрээнд Афганистаны дүрвэгсдийн асуудлаарх олон улсын уулзалтад оролцох ажээ. 

Холбоотой мэдээ