Бараа, үйлчилгээний үнэ өмнөх оныхоос 5.6 хувиар өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-02-18 16:45:31
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны нэгдүгээр сард улсын хэмжээнд өмнөх сараас 0.9 хувь, өмнөх оныхоос 5.6 хувиар өсжээ. 


Энэхүү өсөлтөд хүнсний бараа, ундаа, усны үнэ 7.8 хувь, согтууруулах ундаа, тамхины үнэ 2.7 хувь, хувцас, бөс бараа, гутлын үнэ 6.7 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний үнэ 5.2 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 3.3 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. 


Инфляцын түвшин 2017 оны 1 дүгээр сард 2.1 хувь, 2018 оны 1 дүгээр сард 6.9 хувь, 2019 оны 1 дүгээр сард 7.3 хувь гарч байсан бол 2020 оны 1 дүгээр сард 5.6 хувь болж өмнөх оны мөн үеэс 1.7 пунктээр буурчээ.


Инфляцын түвшин 1 дүгээр сард 5.6 хувь гарсныг бүлгүүдийн оролцооны түвшнээр авч үзвэл, 2.0 нэгж буюу 35.7 хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгээс, 1.1 нэгж буюу 19.8 хувь нь хувцас, бөс бараа, гутлын бүлгээс, 0.5 нэгж буюу 9.3 хувь нь боловсролын үйлчилгээний бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.


Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Улаанбаатар хотод 2020 оны 1 дүгээр сард өмнөх сараас 1.2 хувь, өмнөх оны мөн үеэс 6 хувиар өслөө. Энэхүү өсөлтөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 8.9 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 8.5 хувь, амралт, чөлөөт цаг, соёлын бараа, үйлчилгээний бүлгийн үнэ 15.3 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний үнэ 9.5 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

П.Хүслэнтуяа
Холбоотой мэдээ