Коронавирусээр нас барсан болон эдгэрсэн хүмүүсийн талаарх статистик мэдээллийг нийтэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-02-19 14:37:42

БЭЭЖИН. /TASS/. Эх газрын Хятадад шинэ төрлийн коронавирусний халдвар авсан хүмүүсийн 19 гаруй хувь нь эдгэрч, 2.7 хувь нь нас барсан бол үлдсэн нь эмч нарын хяналтад байна. Ийм мэдээллийг БНХАУ-ын эрүүл ахуй, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн бүс нутгийн хороод лхагва гарагт өгчээ.


Үүний зэрэгцээ төв эрх баригчдын танилцуулсан статистик мэдээллээс үзэхэд халдвар авсан хүмүүсийн 15 орчим хувийнх нь биеийн байдал хүнд, 3.2 хувийнх нь маш хүнд байна.


“Вирусний тархалтын байдалд эерэг өөрчлөлтүүд аажмаар гарч байна. Дараагийн шатанд уушгины хатгалгаа өвчинтэй хийж буй тэмцэлд гарсан амжилттай үр дүнг бататгах, мөн хүнд өвчтөнүүдэд үр дүнтэй эмчилгээ хийх шаардлагатай байна” гэж БНХАУ-ын Эрүүл мэндийн хорооны албан ёсны төлөөлөгч Ми Фэн хэвлэлийн бага хурлын үеэр онцлон тэмдэглэжээ.


Хятадад коронавирусний халдварын дэгдэлт оргил үедээ хүрсэн бөгөөд халдварын шинэ тохиолдлын тоо цаашид буурна гэж Ухань хотын Лейшаншань эмнэлгийн ерөнхий эмч Ван Синхуань онцлон хэлсэн байна. Түүний хэлснээр, ойрын ирээдүйд байдал сайжрах төлөвтэй байна.


Бүс нутгуудын байдал

Халдвар бүртгэгдсэн Хятадын бүс нутгуудад эдгэрсэн хүмүүсийн үзүүлэлт дунджаар 43 хувийн түвшинд хэлбэлзэж байна. Төвөдийн өөртөө засах орон болон тус оронтой хойд талаараа хиллэдэг Цинхай мужид хамгийн найдвар төрүүлсэн үр дүн гарч, эдгэрсэн хүний үзүүлэлт тус тус 100 болон 88 хувьтай байгаа бөгөөд халдварын улмаас нас барсан нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байна. Ганьсу болон Хятадын баруун хойд нутагт орших Нинсягийн Хотон үндэстний өөртөө засах оронд 68 болон 59 орчим хувь нь эдгэрчээ. Шинэ коронавирусний халдварын голомт болох Хубэй мужид байдал сайжирч эхэлсэн байна. Тус мужид одоогоор халдвар авсан хүмүүсийн ердөө 15 орчим хувь нь л эдгэрсэн боловч  ирэх долоо хоногт эмнэлгээс гарах хүмүүсийн тоо мэдэгдэхүйц нэмэгдэх хандлагатай байгаа аж.


Бүс нутгуудын дунд Хубэй мужид нас баралтын үзүүлэлт хамгийн өндөр байна. Тус мужид халдвар авсан хүмүүсийн 3.11 хувь нь буюу 1921 хүн нас баржээ. Хоёрдугаарт 12 тохиолдол /2.55 хувь/ бүртгэгдсэн Хар мөрөн муж орж байна. БНХАУ-ын 31 бүс нутгийн 10-т нь нас барсан нэг ч тохиолдол бүртгэгдээгүй бол Хэнань мужаас бусад үлдсэн бүс нутагт 1-6 тохиолдол бүртгэгджээ.


Холбоотой мэдээ