Нийтийн тээвэрт ариутгалыг тогтмол хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-02-20 14:36:26

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан суманд дөрвөн чиглэлд 13 автобус нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд үзүүлдэг. “Элит Хөгжил” ХХК-ийн тус автобуснуудад эрүүл мэндийн шаардлагад нийцсэн найрлага бүхий ариутгах уусмалаар чийгтэй цэвэрлэгээ хийлгэх, агаарт тоосонцор үүсгэх, нян вирус үржихээс сэргийлэн агаар цэвэршүүлэх цацлага цацах, шугамын хоёр талын эцсийн зогсоолд хлораминтай уусмалаар автобус дотор ариутгал хийж байна.

Автобусанд короновирусний халдвараас урьдчилан сэргийлэх, амны хаалт зөв хэрэглэх мэдээллийн зурагт хуудсыг байршуулан зорчигчдод анхааруулах ажлыг өдөр бүр хэрэгжүүлэн ажиллаж байгаа аж.

Ажилчдад амны хаалт болон гар ариутгах бодисыг өгч өвчин үүсгэгч вирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авчээ. Монгол Улсын хамгийн том сум болох Дархан суманд 2013 оноос хойш нийтийн тээвэр дахин сэргэж иргэдэд үйлчилж байна.

2000 оны эхнээс тасарсан тус үйлчилгээ нь хотын соёлд байх ёстой, ахмад настай, хүүхэд багачууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврээр үйлчлэх ёстой гэдэг үүднээс байгуулагдсан.

Нийгмийн хариуцлагын хүрээнд тус компани үйлчлүүлэгчдийнхээ ая тухтай байдал, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж ариутгал халдваргүйтгэлийг өдөр хийж байгаад зорчигчид талархаж байна.

 

Холбоотой мэдээ