Аймаг, хот хоорондын хөдөлгөөнийг зогсоож, БНХАУ-д туслах аян эхлүүлсэн долоо хоног

ТОЙМ
ariunbold@montsame.gov.mn
2020-02-22 12:40:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын улс төрд өнгөрч буй долоо хоногт өрнөсөн үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


Коронавирусний эрсдэлээс сэргийлэх төрийн ээлжит алхмууд


БНХАУ-д анхлан дэгдэж 27 оронд тархаад буй коронавирус (КОВИД-19) Монголд тархахаас сэргийлэх үүднээс өнгөрч буй долоо хоногт төр, засгаас хэд хэдэн шийдвэр гаргалаа.



Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байхыг иргэдэд уриаллаа. КОВИД-19 БНХАУ-д анх гарсны дараа иргэд нь Цагаан сарын баяраа өргөн дэлгэр тэмдэглэсэн нь вирус тархахад голлон нөлөөлснийг Ерөнхийлөгч онцолж, техник технологийн эрин үед цахимаар золгохыг мөн хэлсэн үгэндээ онцоллоо.



Мөн өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх "КОВИД-19" илэрсэн үед тусгаарлах, эмчлэх эмнэлгүүдийн ажилтай танилцлаа. Засгийн газар, Улсын онцгой комисс болон бусад төрийн байгууллагын шийдвэрээр ХӨСҮТ-д 200 ор, Цэргийн төв эмнэлэгт 50 ор, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 65 ор бэлдсэн байна. Шаардлагатай тохиолдолд, Цэргийн төв эмнэлгийг бүрэн тусгаарлаж хоёр цаг хагасын дотор нүүлгэн шилжүүлэхээр бэлтгэл хангажээ. Дээрх эмнэлгүүд "КОВИД-19"-ийн дэгдэлтийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, эмнэлгүүд өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна.



Түүнчлэн УИХ-ын дарга Г.Занданшатар нийслэлийн зарим эм ханган нийлүүлэх төв болон эмийн сангууд, “Бөмбөгөр” худалдааны төвийн амны хаалт, ариутгагч бодисын хангамж, махны үнэ ханшийн байдалтай танилцлаа. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй дөрвөн эмийн сангаар ороход хоёр эмийн сан нь нэг удаагийн амны хаалт, гар ариутгагчийн нөөцгүй байв. Харин эм, тарианы борлуулалт хэвийн байгааг эмийн сангийнхан хэлж байв.


Буруу ташаа мэдээллийн улмаас иргэд хүнсээ ихээр худалдан авч, нөөцлөх асуудал гарсан. Үүнтэй холбоотойгоор өргөн хэрэглээний барааны үнэ ханш өсөх тохиолдол гарсныг УИХ-ын дарга Г.Занданшатарыг "Бөмбөгөр" худалдааны төвд ажиллах үеэр худалдаа эрхлэгчид хэлж байв. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, “Иргэд мах, амны хаалт, гурил зэргийг бөөндөж авах хэрэггүй. Үүнээс болж зохиомол хомсдол, зохиомол эрэлт үүсэж байна. Хүнсний бүтээгдэхүүний гадаад дотоод нийлүүлэлтээ зохицуулж байгаа учраас хомсдол үүсэхгүй, хангамж хүрэлцээтэй байгаа. Харин амны хаалт, ариутгалын бодисын хүрэлцээ, нийлүүлэлтийг нэмэх шаардлагатай байна” гэв.



Мөн Засгийн газрын энэ сарын 19-ний ээлжит хуралдаанаар, хэсэгчилсэн байдлаар зарласан Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг гуравдугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгах шийдвэр гаргасан. Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн сургалтыг гуравдугаар сарын 2 хүртэл зогсоосон шийдвэрийг гуравдугаар сарын 30-наар тогтоож сунгав. Улмаар Улсын онцгой комисс энэ сарын 20-нд хуралдаж, Цагаан сараар буюу энэ сарын 23-ны 08.00 цагаас 27-ны 08.00 цаг хүртэл аймаг, хот хоорондын хөдөлгөөнийг зогсоох шийдвэр гаргаад байна. Уг хориг нь автобус, галт тэрэг, автомашинд хамаарах ч уул уурхайн захиалгат нислэгт хамаарахгүй аж. Мөн хуралдаанаар, гуравдугаар сарын 2-ныг хүртэл зогсоогоод байгаа нүүрс, газрын тосны тээврийг үлдсэн хугацаанд хэвийн явуулах бэлтгэл хангаж ажиллахыг холбогдох сайд, дарга нарт үүрэг болгосон байна. Ингэхдээ, жолооч нарын халдаргүйтгэл, аюулгүй ажиллагааг хангахыг даалгажээ. 



Улмаар Монгол Улсын Засгийн газар БНХАУ-д туслах “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” хүмүүнлэгийн аяныг энэ сарын 18-наас эхлүүллээ. БНХАУ-д дэмжлэг олгох хүсэлтэй иргэн, ААН Төрийн банкны 341303432597 тоот Хүмүүнлэгийн аян нэртэй дансанд хандиваа хийх боломжтой. Цугларсан хандивыг дэлгэрэнгүй мэдээллийн хамт 7 хоног бүр БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд хүлээлгэн өгч,  хэвлэл мэдээллээр олон нийтэд мэдээлэх юм. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас 200 мянган ам.долларыг БНХАУ-д олгосон бол иргэн, аж ахуйн нэгж, иргэний нийгмийн хөдөлгөөнүүдийн хандив тусламж, зогсолтгүй үргэлжилсээр буй юм. Энэ талаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Веньруй МОНЦАМЭ агентлагт өгсөн ярилцлагадаа “Энэ өвчин зуурдынх тул намжих цаг бий. Намжсаны дараа энэ өвчинтэй тэмцэх үед бий болсон найрамдал, нөхөрлөлийг бататган хөгжүүлэхийн төлөө ажиллах болно. Бид Монголын ард түмний энэ их ачийг заавал хариулна” хэмээн онцолсон юм. (Ярилцлагыг энд дарж уншина уу)


Засгийн газар болон Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн шийдвэрүүд



Монгол Улсын Засгийн газрын энэ сарын 19-ний хуралдаанаар “Онцгой байдлын байгууллагад агаараас аврах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай автомашин нийлүүлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төслийг дэмжиж гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт олгов. Уг хэлэлцээрт Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад агаараас аврах нэгж байгуулах, тоног төхөөрөмжөөр хангах хөрөнгийг Франц улсын Засгийн газрын 57.9 сая еврог нэн хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр тусгасан. Харин дээрх төслийн хүрээнд Францын төрийн сангийн “Натиксис” банк 57.9 сая еврогийн хөнгөлөлттэй зээл олгох бөгөөд эхний 10 жилд үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөн 30 жилийн хугацаанд жилийн 0.08 хувийн хүүтэйгээр төлөхөөр тохиролцжээ. Энэхүү хөрөнгөөр Онцгой байдлын байгууллагад агаараас аврах нэгж байгуулахаас гадна "Airbus ЕС-145" загварын гурван нисдэг тэрэг, сургалтын бага оврын нэг нисдэг тэрэг нийлүүлж, симулятор, ангар, шатахуун цэнэглэх, хүйтний нөхцөлд нефть хадгалах станц байгуулах юм. Үүнээс гадна обьектын түймэр унтраах 42 ширхэг тусгай тоноглолтой автомашин олгохын сацуу нисдэг тэрэгний нисгэгч, механикч, авианикч, ослын үеийн яаралтай тусламж үзүүлэх эмч бэлтгэх аж.



Монгол Улсын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл энэ сарын 20-нд хуралдаж, 100 мянган тонн улаан буудай, 2000 тонн хуурай сүү нэмэлтээр импортлох боллоо. Улс даяар хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Улсын Онцгой комиссоос хүнсний барааны хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлэхийг ХХААХҮЯ-нд үүрэг болгожээ. Энэ дагуу 2020 онд нэмэлтээр импортлох стратегийн хүнсний бүтээгдэхүүнээс хоёр нэр төрлийн буюу улаан буудайг 100 мянган тонн, хуурай сүүг 2000 тонноор нэмж импортлох санал ирүүлснийг зөвлөлийн гишүүд санал нэгтэй дэмжив. Ингэснээр 2020 онд Монгол Улс нийт 160 мянган тонн улаан буудай, 6000 тонн хуурай сүү импортлохоор боллоо.

Монгол Улсын хүн амын 2020 оны хэрэгцээнд 227 мянган тонн гурил буюу 302 мянган тонн улаан буудай шаардлагатай. Монгол Улс 2019 онд 407 мянган тонн улаан буудай хураан авч хүн амын гурилын хэрэгцээний 81 хувийг дотоодын гурилаар хангах боломжтой тул гурилын хомсдол үүсэхгүй хэмээн мэргэжлийн байгууллагуудад тооцож байна.  Гэсэн ч болзошгүй эрсдэл, цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан ДЭМБ-ын зөвлөмжийг дагаж Хүнсний Аюулгүй байдлын Үндэсний зөвлөл дээрх шийдвэрийг гаргав.



Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх захирамжид энэ сарын 21-нд гарын үсэг зуржээ. Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд энэ сарын 19-нд иргэн Б автомашиндаа нас барсан хэрэг гарсан. Говь-Алтай аймгийн Засаг даргын албан өрөөнд тус аймгийн удирдлагууд согтууруулах ундаа хэрэглэсний улмаас энэхүү хэрэг гарсан байж болзошгүй гэх мэдээллийг цагдаагийн байгууллага энэ сарын 19-нд нийтэд мэдээлж байв.


Харин ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэхдээ, “Ажлын байранд архидан согтуурахыг хориглох Засгийн газрын тогтоолыг зөрчсөн нь тогтоогдсон тул хариуцлага хүлээлгэж байгаа. Өөрөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрсөн. Улмаар дараагийн Засаг даргыг томилох хүртэл үүрэгт ажлыг нь түр орлон гүйцэтгэхийг тус аймгийн Засаг даргын орлогчид үүрэг болгосон” гэлээ. Харин иргэн Б нас барсан хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна.


Тэтгэврийн зээлтэй зарим иргэн тэтгэврээ бүрэн авах боломж



“Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийн үүргийг үнэт цаасаар (Эрдэнэс бонд) төлөх тухай гэрээ”-нд “Эрдэнэс Монгол” ХХК болон арилжааны банкуудын удирдлагууд энэ сарын 21-нд гарын үсэг зурав. Ингэснээр зээлтэй зарим иргэн тэтгэврээ бүрэн авах боломжтой боллоо.


Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу Монгол Улсын Их Хурал Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг өнгөрсөн сарын 10-нд баталсан. Энэхүү хуульд “Эрдэнэс Монгол” ХХК өөрийн охин компани болох “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн эзэмшилд буй Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, түүнээс олсон орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалсан үнэт цаас гаргах замаар Монгол Улсын иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн тодорхой хэсгийг төлөхөөр заасан юм. 


“Эрдэнэс Монгол” ХХК дээрх хуулийн хэрэгжилтийг хангахаар богино хугацаанд шуурхай ажиллаж, “Эрдэнэс” бондыг дотоодын санхүүгийн зах зээл дээр хаалттай хүрээнд арилжаалж, үнэт цаасаар босгосон хөрөнгийг Монгол Улсын иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөхөд зарцуулж байгаа юм. “Эрдэнэс бонд” үнэт цаасаар босгосон хөрөнгөөр 228 мянга 493 иргэн 6 сая сая төгрөг болон түүнээс доош дүнтэй зээлийн төлбөрөөс бүрэн чөлөөлөгдөж (үүний 43.892 иргэн 1.0 сая төгрөг хүртэлх зээлтэй), 194.807 иргэн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр мөнгөжих 1 сая төгрөгийн үнэт цаас эзэмшинэ. Ингэснээр нийт 423.300 иргэн байгалийн баялгийн өгөөжөөс хүртэнэ.



Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, "Хулгана жилийн босгон дээр байгалийн баялаг ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаа амьдралд бодитоор хэрэгжиж байгаа жишээ нь энэ юм. Үүнээс улбаалан тэтгэврийн шинэчлэл хийх болно. Энэ чиглэлээр УИХ-аас Н.Учрал гишүүнээр ахлуулсан ажлын баг байгуулан ажиллаж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн шинэ нэмэлт, өөрчлөлтөөр газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхээр тусгасны дагуу “Эрдэнэс Монгол” ХХК Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж байгаа. Ийнхүү хөгжлийн бодлого, төлөвлөлт, ахмадуудын нийгмийн хамгааллын бодлогын шинэчлэлийн томоохон алхмууд хулгана жилийн босгон дээр хийгдэж байгаад баяртай байна” гэв.

Холбоотой мэдээ