Налайх-Офицерын ордон чиглэлд дөрвөн автобус үйлчилнэ

Монголын мэдээ | Нийгэм
munkhbaatar@montsame.gov.mn
2020-02-27 08:36:30
@s_munkhbaatar

Налайх дүүрэг /МОНЦАМЭ/. Нийслэлийн Налайх дүүргийн "Оргил налайх" шалган нэвтрүүлэх хэсэгт өнөөдөр хөдөлгөөн хязгаарласан хэвээр байна. Харин шаардлагатай нэвтрэх иргэдийг нотлох бичиг баримтын дагуу ажил эхлэх цагаар нийтийн тээврээр нийслэлд нэвтрүүлэх юм. 


Улсын онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар, шинэ коронавируст халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор, улс, хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг гуравдугаар сарын 3-ны өдрийг хүртэл сунгасан. Ингэснээр, нийслэлийн шалган бүртгэх товчоод болон шороон замаар нэвтрэх хэсгээр мягмар гараг хүртэл хувийн авто тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхгүй, буцаах арга хэмжээ авч байна. Харин Налайх дүүргийн иргэд ажлын шаардлага, ар гэрийн гачигдал, эрүүл мэндийн шалтгаанаар нийслэлд нийтийн тээврээр нэвтрэх боломжтой. Өөрөөр хэлбэл, нийслэлд ажилладаг ажлын газрын үнэмлэх, бэртэж гэмтсэн, яаралтай эмнэлэгт очих шаардлагатай зэрэг нотлох бичиг баримтыг нь үндэслэн нэвтрүүлж байна. 


Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газрын Тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн дарга С.Цэцэгмаагаас тодруулахад, "Налайх дүүрэг-Офицерын ордон чиглэлд 06.30, 06.45, 07.00, 07.15 цагт дөрвөн автобус үйлчлэх бөгөөд нийслэлээс Офицерын ордон-Налайх чиглэлд 07.00 цагаас нэг автобус үйлчилнэ. Орой 18.30-19.30 цагийн хооронд дөрвөн автобус Офицерын ордноос Налайх руу буцна. Мөн 18.30 цагт Налайхаас Офицерын ордон чиглэлд нэг автобус зорчино" хэмээн мэдээллээ. Зорчигчдод хяналт тавьж байгаа тул ажлын үнэмлэх, эмнэлгийн магадлагаа, бусад шаардлагатай бичиг баримтыг биедээ авч явахыг Налайх дүүргийн ЗДТГ-аас сануулж байна.  Маргааш болон даваа гарагт энэ зохицуулалтаар үйлчлэх ч нийслэлд бямба, ням гарагт бүх чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсоох аж.


"Оргил налайх" шалган нэвтрүүлэх хэсэгт цагдаагийн дөрөв, онцгой байдал, эрүүл мэнд, мэргэжлийн хяналтын байгууллагын тус бүр хоёр ажилтан, цэргийн дүйцүүлэх албаны хоёр иргэн зэрэг 12 хүн 24 цагаар хяналт тавьж байна. 


Шинэ коронавирусний халдварын хамгийн сүүлийн мэдээллээр, дэлхийн 44 оронд 82 1669 тохиолдол бүртгэгдэж, 2804 хүн амиа алдаж, 30 304 хүн эдгэсэн байна. Хамгийн их буюу БНХАУ-д 78 499, БНСУ-д 1595, Италид 470, Японд 172, Даймонд принцес хөлөг онгоцонд 705 тохиолдол бүртгэгджээ. Монгол Улсад шинэ коронавируний халдварын тохиолдол бүртгэгдээгүй ч урьдчилан сэргийлэх зорилгоор гаргасан төрийн шийдвэрээ хүндэтгэн өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалахыг иргэдээсээ хүсэж байна. 

Холбоотой мэдээ