Хөрш орнуудын үлгэр жишээч хамтын ажиллагааг дэлхий дахинаа харууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-02-27 19:57:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Хятад Ард Улсад өнөөдөр айлчилсан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй уулзлаа.


Энэ нь хоёр улсын Төрийн тэргүүний тав дахь удаагийн уулзалт юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын эхэнд “БНХАУ-д шинэ төрлийн коронавирус (Covid-19)-ний халдвар дэгдэж, Хятадын ард түмэн сэтгэл санааны хохирол амссан явдалд эмгэнэл илэрхийлж, монголчууд “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал”, “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэж ярьдаг шигээ эртний сайхан ёсоор энэ удаад хүрэлцэн ирлээ хэмээн найрсгаар мэндчилэв. Мөн ноён Си Жиньпинээр удирдуулсан БНХАУ-ын ард түмэн коронавирусний тархалтыг зогсоож, цаг зуурын бэрхшээл сорилтыг давж чадна” гээд БНХАУ-ын шинжлэх ухаанд суурилсан тэмцэл, хичээл зүтгэлийн хүчээр цар тахлыг ялан дийлэх нь дэлхий нийтэд ч тустай үйл болно гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мөн, "БНХАУ-тай хуурай газраар хамгийн урт хиллэдэг (4709,6 км) хөрш орны хувьд коронавирусний асуудалд Монголын ард түмэн ч санаа зовж байгаа. Цаг үеийн байдалтай холбогдуулан хоёр орны хооронд зорчих хөдөлгөөнийг хязгаарласан ч коронавирусний тархалт буурсны дараа хэвийн болж, худалдааны эргэлт, эдийн засгийн хамтын ажиллагаа улам сайжирна гэдэгт итгэлтэй байгаа"-гаа хэллээ.



Түүнчлэн цар тахлын дэгдэлтийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар БНХАУ-д туслах “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” нэртэй хандивын аян өрнүүлж буйгаас гадна Монголын ард түмэн, аж ахуйн нэгжүүд сайн дурын санаачилгаар сэтгэлийн хандив цуглуулж БНХАУ-ын талд хандивласан. Мөн энэ удаагийн айлчлалын хүрээнд Монголын ард түмнээс 30 мянган хонь хандивлаж байна гээд БНХАУ-ын ард түмэнд сайн сайхныг хүслээ.


БНХАУ-ын дарга Си Жиньпин тус улсад үүссэн нөхцөл байдлыг үл хамааран Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг эх оронд нь хүрэлцэн ирсэн явдалд гүн талархал илэрхийлж, “Надад дуслыг өгсөн ч би голыг эргүүлэн өгнө” хэмээх Күнзийн сургаал болон “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэдэг Монголын зүйр үгийг иш татан чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Мөн халдварт өвчин гарснаас хойш  БНХАУ-д хийсэн Төрийн тэргүүний анхны айлчлал гэдгийг онцолж, энэ удаагийн айлчлал нь Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаандаа шинэ боломж гаргах завшаан хэмээн тэмдэглэлээ.


Уулзалтын үеэр талууд коронавирусний асуудал нь ганцхан улсын асуудал биш тул хамтран ажиллах нь зүйтэй гээд цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов. БНХАУ-д коронавирусний халдвар гарч, Хятад улс даяар өвчний тархалттай тэмцэж буй хүнд хэцүү цагт болсон энэ уулзалт нь хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа дээд түвшиндээ хүрснийг нотолж, хөрш орнуудын үлгэр жишээч хамтын ажиллагааг дэлхий дахинаа харуулсан явдал боллоо хэмээн талууд уулзалтын төгсгөлд дүгнэв.


Монгол Улсын Ерөнхийлөгчийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал нар дагалдан явж байна. Уулзалтад, Монголын талаас айлчлалын бүрэлдэхүүнд багтаж буй албан ёсны төлөөлөгчид, Хятадын талаас ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн хорооны Тамгын газрын дарга Ян Жечи, Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И, Улсын хөгжил, шинэчлэлийн хорооны дарга Хө Лифөн, Худалдааны сайд Жун Шань, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньрүй нарын төлөөлөгчид оролцов.

Холбоотой мэдээ