Онгоцны нисгэгч, үйлчлэгч нар 10 сая төгрөг, амны хаалт, бээлий хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-02-29 11:01:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "МИАТ” ТӨХК-ийн Агаарын хөлгийн нисгэгч, үйлчлэгч нарын хандиваас цугларсан 10 сая төгрөг, 1000 ширхэг амны хаалт, 300 ширхэг бээлийг Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өглөө.


Тус компанийн  Гавьяат нисгэгч, Агаарын хөлгийн дарга Г.Мөнх-Очир, “Боинг -767” агаарын хөлгийн 2 дугаар нисгэгч Б.Булган, “Боинг- 737” агаарын хөлгийн 2 дугаар нисгэгч О.Тулга, Агаарын хөлгийн ахлагч, үйлчлэгч Б.Сэндэр нарыг өнөөдөр ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян хүлээн авч уулзах үеэр эдгээр зүйлийг гардуулсан юм.


Дэлхий нийтийг түгшээж, олон мянган хүний амийг авч одсон шинэ коронавируст халдвараас хүн ардаа хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос шаардлагатай бүхий л арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж байна. Түүнчлэн эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, хил, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагын алба хаагчид төр засгаас авч хэрэгжүүлж буй шийдвэрийг хэрэгжүүлэх, хууль дүрмийг сахиулахаар цаг, наргүй ажиллаж байгаа. Тэгвэл коронавируст халдварыг эх орондоо оруулалгүй өнөөдрийг хүртэл тогтоон барьж, монголчуудын амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалахад хүчин зүтгэж халдварын эрсдэлтэй бүсэд ажиллаж буй мэргэжлийн байгууллагын ажилтан, алба хаагчдад зориулан эдгээр зүйлсийг хандивлаж буйгаа нисгэгчид хэлж байв.


ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, “МИАТ ХК-ийн ажилтан алба хаагчдаар Монголын ард түмэн бахархаж байгаа. Та бүхэн БНХАУ-д тархсан шинэ коронавирусний голомт Ухань хотод хөл хорионд орсон 31 монгол оюутныг эх орондоо авчрах ажлыг шуурхай зохион байгуулсан. Мөн ажилтан, алба хаагчдынхаа дунд сайн санааны санал, санаачилга өрнүүлж, хандив, туслалцаа үзүүлэн  халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд дэмжлэг үзүүлж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг манлайлан хандив тусламж үзүүлж байгаад баяртай байна. Бид та бүхний энэхүү сэтгэлийн хандивыг эрсдэлтэй бүсэд ажиллаж буй мэргэжлийн байгууллагуудын ажилтан, алба хаагчдад тэгш, хуваарьтай хүргэж, ариутгал, халдваргүйжүүлэлт, хувийн хамгаалах хэрэгсэл зэрэг шаардлагатай зүйлд зарцуулах болно. Мөнгөн цагаан хөлгийн эзэд та бүхэнд баярлалаа” хэмээв.


Холбоотой мэдээ