Сэлэнгэ аймгийн хэмжээнд хяналтын 22 цэг ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-03-04 18:40:28

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын дарга 17.00 цагийн ээлжит мэдээллээ хүргэлээ.


Юуны өмнө Сэлэнгэ аймагт тусгаарлагдан хяналтад байгаа 81 иргэний эрүүл мэндийн байдал хэвийн байгааг дуулгая.

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд 10 суманд байнгын хяналтын 22 цэг ажиллаж байна. Хяналтын цэгт Онцгой байдлын газраас 11, Цагдаагийн газраас 37, Эрүүл мэндийн байгууллагаас зургаа, МХГ-аас хоёр, сумдын ЗДТГ-аас гурав, нийт 59 албан хаагч, 19 тээврийн хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байна.

Тус аймгийн Мандал, Сайхан, Баянгол, Дулаанхааны хяналтын цэгээр өнөөдрийн 16.00 цагийн байдлаар давхардсан тоогоор орох, гарах хөдөлгөөнд нийт 962 зорчигч, 343 тээврийн хэрэгсэл дамжин өнгөрчээ. Эдгээр зорчигчдод сурталчилгааны материал тарааж, холбогдох заавар зөвлөмжийг өгсөн байна. Хилийн боомт, Алтанбулаг сумаар дайран өнгөрч буй Олон улсын чанартай авто замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслийг ариутгах ариутгал халдваргүйтгэлийн пункт 24 цагаар ажиллаж байна. Урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулж байгаа энэхүү пунктийг Алтанбулаг сумын ЗДТГ хяналтад авч, Мал эмнэлгийн газрын харъяа Алтанбулаг сумын “Бөхлөө хангай”, “Бумбат-Эрдэнэ” мал эмнэлэг үйлчилгээний нэгжүүд ажиллуулж байгаа ажээ.

3 дугаар сарын 04-ний өдөр тус цэгээр ОХУ-аас Алтанбулаг боомтоор дамжин орж ирсэн 8 автомашинд ариутгал хийж, 24 зорчигчдод зөвлөмж өгөөд байна. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа Хилийн болон аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллага, Зооноз өвчин судлалын төв, Хилийн цэрэг, аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, Цагдаа, Тагнуул, Онцгой байдал, Гааль, Сүхбаатар, Алтанбулаг сумын ЗДТГ, Мал эмнэлгийн газар, “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ, “Урсгал ус” болон цаг наргүй зүтгэж байгаа төрийн албан хаагчиддаа талархаж байгаагаа илэрхийлье гэлээ.

Холбоотой мэдээ