Сэтгэлийн дэм өгч, эв санаагаа илэрхийлсэн айлчлал

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2020-03-04 18:59:37

Монгол-Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд шинэ хуудас нээсэн гэж тодотгож болохоор нэгэн үйл явдал өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр тохиолоо. Энэ бол Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийсэн айлчлал юм.


Эхэндээ уг айлчлал нь нууцлаг, гэнэтийн хэлж болохоор үйл явдал байсан ба халдвар тархсан бүс нутагт очих гэсэн ерөнхийлөгчийн шийдвэр олон нийтийг гайхшруулж байв. Харин 5-хан цаг үргэлжилсэн айлчлалын тухай мэдээг сонссон ард иргэд төрийн тэргүүнийхээ энэхүү зоримог бөгөөд мэдрэмжтэй алхмыг сайшаан үнэллээ. 


Өмнөх айлчлал, уулзалтуудын үеэр хоёр орны улс төр, эдийн засаг, нийгмийн харилцааг хөгжүүлэхэд чиглэсэн төсөл хөтөлбөр, гэрээ хэлэлцээрийн асуудлыг хөндөн ярилцаж байсан бол энэ удаад Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс, Монголын ард түмнийг төлөөлөн, аюулт өвчний эсрэг хүнд бэрх тэмцэл хийж буй Хятадын ард түмэнд сэтгэлийн дэм өгч, тэдэнтэй эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлэхээр Бээжин хотод очлоо. 


Халдварт өвчин дэгдсэн энэ хүнд үед гадаад орнуудын төрийн тэргүүн нараас хамгийн түрүүнд Монгол Улсын Ерөнхийлөгч БНХАУ-д айлчилсныг Хятад улсын удирдагч Ши Жиньпин Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзах үеэрээ онцлон дурдаж байв. Өмнө нь, коронавирусийн халдвар ид тархаж байсан 2 дугаар сарын эхээр Кампучийн Ерөнхий сайд, Сербийн Шадар сайд нар Хятад улсад айлчлал хийжээ.


Өөр нэгэн жишээ дурдахад, 2003 онд дэгдсэн SARS өвчний улмаас Хятад улсад зохион байгуулахаар төлөвлөж байсан 22 гадаад арга хэмжээний 19 нь цуцлагдаж байсан гэдэг. Ихэнх улсын төр, засгийн тэргүүн нар айлчлалаа цуцалж, зөвхөн Франц, Румыний Ерөнхий сайд нар БНХАУ-д зочилж байжээ. Тийм учраас эдгээр айлчлалыг “бидэнтэй эв санааны нэгдлээ илэрхийлж, хүнд үед сэтгэл санааны болон эд материалын бодитой дэмжлэг үзүүлсэн онцгой айлчлалууд болсон” гэж Хятадын төр засаг, ард түмэн өндөр үнэлсээр байдаг ажгуу. 


Энэ удаад Монгол, Хятад улсын төрийн тэргүүн нар албан ёсоор 5 дахь удаагаа уулзлаа. Өмнө нь, 2018 оны 6-р сарын 9-10-нд Хятадын Чиндао хотноо болсон ШХАБ-ын дээд хэмжээний чуулга уулзалт, дараа нь мөн оны 9 дүгээр сард ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн чуулганы үеэр тэд уулзаж байв. Түүнчлэн 2019 оны 4 дүгээр сард Ерөнхийлөгч Х.Баттулга Хятад улсад төрийн айлчлал хийсэн бол мөн оны 6 дугаар сард Киргиз улсын Бишкек хотод болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар уулзаж байлаа.


Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “БНХАУ-тай хуурай газраар хамгийн урт хиллэдэг (4709,6 км) хөрш орны хувьд коронавирусийн асуудалд Монголын ард түмэн ч санаа зовниж байгаа гэдгийг дурдсаны сацуу эрхэмсэг ноён Ши Жиньпинээр удирдуулсан Хятадын ард түмэн коронавирусний тархалтыг тун удахгүй ялан дийлж, цаг зуурын бэрхшээл сорилтыг даван туулж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Уулзалтын үеэр талууд коронавирусийн асуудал бол ганцхан улсын асуудал биш харин нийт хүн төрөлхтний өмнө тулгарсан том сорилт тул хамтран ажиллах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдлээ. Хятад улс даяар өвчний тархалттай тэмцэж буй хүнд хэцүү цагт болсон энэ уулзалт нь хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа дээд түвшинд хүрснийг нотолж, хөрш орнуудын үлгэр жишээч хамтын ажиллагааг дэлхий дахинаа харуулсан үйл явдал болсныг ажиглагчид бүгд онцолж байна. Тухайлбал, "Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бол цар тахал дэгдсэнээс хойш Хятад улсад айлчилсан анхны гадаад улсын ерөнхийлөгч юм. Тэрбээр энэхүү бодит үйлдлээрээ Монгол Улс нь цар тахалтай тэмцэж буй Хятад улсын хүчин чармайлтад итгэл төгс байгаа төдийгүй Хятадын ард түмэнтэй хүндрэл бэрхшээлийг хамтдаа туулах хүсэлтэй гэдгээ илэрхийллээ" хэмээн БНХАУ-ын төрийн мэдээллийн Синьхуа агентлагийн тоймч Жан Лина дүгнэн бичжээ.


Зовох цагт нөхрийн чанар танигдана


Ядарч зовсон үед анд нөхдийн чанар танигдана гэсэн утгыг илэрхийлдэг зүйр үг улс үндэстэн бүрийн үгсийн санд байдаг байх. Оросууд “друзья познаются в беде” гэж ярьдаг бол “a friend in need is a friend indeed” хэмээх англи ардын зүйр үг бий. Эл утга санааг монголчууд эрт дээр үеэс “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” гэдэг зүйр цэцэн үгээр илэрхийлсээр ирсэн. Мөн “саахалт айлын санаа нэг”, “хүлгийн сайныг унан байж мэднэ, хүний сайныг нөхөрлөн байж мэднэ” гэх мэт зүйр үгсээр бие биендээ туслахын утга учрыг тодотгосон нь бий. Монголчууд бол хүндрэл бэрхшээлд орсон нэгнээ үргэлж дэмжин тусалдаг ард түмэн бөгөөд найрсаг харилцаатай мөнхийн хөршийн хувиар монголчууд энэхүү хүнд үед Хятадын ард түмэнтэй хамт байгаа гэдгийг илэрхийлэхээр Хятад улсад айлчлан ирснээ Ерөнхийлөгч Х.Баттулга хэллээ. Хариуд нь, БНХАУ-ын Дарга Ши Жиньпин Хятад улсад үүссэн нөхцөл байдлаас үл хамааран Монгол Улсын Ерөнхийлөгч эх оронд нь хүрэлцэн ирсэн явдалд гүн талархал илэрхийлэхдээ, “дусал ус мэт ачлал үзүүлвээс дундаршгүй булаг мэт хариу барьюу” хэмээх Күнзийн сургаалийг иш татангаа “зовох цагт нөхрийн чанар танигдана” гэсэн монгол ардын зүйр үгээр давхар тодотголоо.


Ард иргэдийн харилцан ойлголцлыг бэхжүүлсэн айлчлал


Энэхүү айлчлал нь хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл, ард иргэдийн харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, талуудын харилцан ашигтай бодит хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэн бататгахад чухал түлхэц боллоо.


Ялангуяа хоёр орны ард иргэдийн харилцан ойлголцлыг бэхжүүлсэн гэдгийг онцлох нь зүйтэй. Яг үнэнийг хэлэхэд, Хятадын албаны хүмүүс, Монголын аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран ажилладаг бизнес эрхлэгчид болон өвөрмонголчуудаас бусад Хятадын иргэд манай улсын талаар үндсэндээ ямар ч ойлголт төсөөлөлгүй байдаг гэхэд хилсдэхгүй. Гэхдээ энэ бол зөвхөн Хятадын бус аливаа том гүрний иргэдийн хувьд түгээмэл хандлага билээ.


Түүхийн ээдрээ нугачаа, өнгөрсөн нийгмээс улбаатай Хятад орон, хятад хүмүүсийн талаарх монголчуудын хэвшмэл төсөөлөл, мөн Монголын талаарх хятад иргэдийн  ойлголтоос үүдэн иргэд хоорондын харилцаанд үл ойлголцол мэр сэр гардгийг үгүйсгэх аргагүй. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга Хятад улсад айлчлахдаа аюулт өвчний эсрэг тэмцэж буй Хятадын ард түмэнд сэтгэлийн дэм өгч, 30 мянган хонь тусламж болгон бэлэглэсэн тухай мэдээ Хятадын Weibo нийгмийн сүлжээнд цацагдсан даруйдаа олон нийтийг шуугиулж, уг мэдээг хоёрхон цагийн дотор 65,8 сая хүн уншсан байна. Монголчуудад баярласан талархсанаа илэрхийлсэн сэтгэгдлүүд хөвөрч, Хятадын телевизүүд “үнэхээрийн гайхалтай үйл явдал болж буйг” гэж онцолж байв.


“Хөгжиж буй улс гэхэд бидэнд бодитой дэмжлэг өгчээ”, “Монгол Улс үнэхээр агуу юм, хятад иргэний хувьд маш их талархаж байна”, “Чингис хааны гайхамшигт үр ач нар”, “Өвдөж зовсон нэгнийг хүний өөрийн гэж ялгалгүй тусалж дэмжих нь хүн байхын гол утга учир”, “Монгол Улс хүн ам цөөтэй хэдий ч Солонгос, Тайваниас илүү юм” гэх мэт сэтгэгдлүүдийн дийлэнх нь эерэг хандлагыг илэрхийлж, тэвнээр бус тэмээгээр тусалсны дайтайгаар Монгол түмний бэлгийг үнэлэн талархаж буй нь мэдрэгдлээ.


Нэн шинэ түүхийн хуудсыг сөхвөөс, монголчууд бид зовж зүдэрсэн бусад ард түмэнд сэтгэл харамгүйгээр, өөрт байгаа бүхнээр тусалж ирсэн жишээ олон бий. Тэр дундаа халуун хошуут мал бэлэглэх нь Монголын ард түмэнд үеэс үед уламжлагдан ирсэн хамгийн хүндтэй бэлэг. Тухайлбал, дэлхийн II дайны фронтод байлдаж буй Зөвлөлтийн армид 500 мянган морь, 500 мянган тонн мах илгээж байсан бол 1959 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал Вьетнамд айлчлахдаа 100 мянган хонь бэлэглэнэ гэдгээ мэдэгдэж байв. Түүнчлэн Солонгосын дайны үеэр БНАСАУ-д 200 мянган толгой мал бэлэглэж байсан гэх мэт. Өөх тос ихтэй монгол малын мах, ялангуяа хонины мах нь хүч тамир оруулж, дархлааг бэхжүүлдэг учраас элдэв халдвараас урьдчилан сэргийлэх болон өвчтөнүүд эдгэснийхээ дараа, гэрийн бараа харалгүй цаг наргүй ажилласан эмч сувилагч нар биеэ тэнхрүүлэхэд юугаар ч орлуулшгүй эм болох нь эргэлзээгүй. Хонь бэлэглэснээс гадна цар тахлын дэгдэлтийн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас Хятадын ард түмэнд туслах “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” нэртэй хандивын аян өрнүүлж байгааг дурдах нь зүйтэй.


Тэгэхээр хүнд үед хөл хорионд орчихоод байгаа Хятадын 500 сая иргэд бие биетэйгээ зөвхөн нийгмийн сүлжээгээр харилцаж, “бидэнд хэн туслах бол” гэж ажиглан харж байгаа нь лавтай бөгөөд манай Ерөнхийлөгчийн айлчлалын дараа Монгол орны талаарх тэдний төсөөлөл явцуу хүрээнээс хальсан нь ойлгомжтой.


Айлчлалын үр дүн   


Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын ард түмнээс Хятадын ард иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлж буйг Хятад улсын удирдагч Ши Жиньпинд дуулгаад, дэлхий дахиныг түгшээж байгаа коронавирусийн өвчлөлийн эсрэг Хятад улсын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо.


Тодруулбал, Хятад Улсад вирусийн халдвараар өвчилсөн, нас барсан хүний тоо өдрөөс өдөрт буурч, эдгэрсэн хүний тоо улам нэмэгдэж байгаа нь Хятадын төр засгийн бүх шатны байгууллагууд энэ өвчинтэй тэмцэх ажлыг түргэн шуурхай, оновчтой зохион байгуулж, ард иргэд нь хариуцлагатай, ухамсартай хандаж хамтарч ажилласны үр дүн гэж Монголын тал үзэж байна. Хятадын төр засаг коронавирусийн өвчлөлтэй тэмцэж хүрсэн ололт амжилтыг Монголын төлөөлөгчид өндрөөр үнэлсний зэрэгцээ тархалтаас урьдчилан сэргийлэх, голомтод авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэрхэн зохион байгуулж буй туршлагатай танилцан, мэдээлэл солилцлоо. Цаашид байгалийн гамшиг, осол, гоц халдварт өвчнөөс сэргийлэх чиглэлээр хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх сонирхолтой байгаагаа Монголын тал илэрхийллээ. 

Ерөнхийлөгч Х.Баттулгын энэ удаагийн айлчлал нь Монгол Улсын гадаад бодлогын мөн чанар, түүний илэрхийлэл болсон бөгөөд бүс нутаг, олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг бататгаж, хоёр улсын найрамдалт харилцаа, ард иргэдийн харилцан ойлголцлыг улам гүнзгийрүүлсэн бодит алхам боллоо. Айлчлал амжилттай болсон нь Монгол Улс, БНХАУ-ын дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалж, итгэлцлийг бэхжүүлэх, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бататгахад чухал түлхэц болсныг тэмдэглэх нь зүйтэй.


Иж бүрэн стратегийн түншлэлтэй Монгол Улс ба БНХАУ-ын хувьд харилцаа, хамтын ажиллагаа ямар ч нөхцөлд үргэлжилсээр байх учиртай. Хятад улс бол манай худалдаа, эдийн засгийн гол түнш. Коронавирусийн халдварын тархалтыг зогсоох талаар Хятад улсын удирдлагын хэрэгжүүлж буй арга хэмжээ үр дүнгээ өгч эхэлж байгаа учраас сүүлийн өдрүүдэд Монгол Улстай хил залгаа хот, аймаг нийлсэн 8 газар оронд онцгой байдлын дэглэмийг бууруулжээ. Ингэснээр манай улсын эдийн засагт жин дардаг нүүрсний экспортыг 15-ны өдрөөс сэргээх боломжтой боллоо. Цаашдаа хоёр тал цаг зуурын бэрхшээлийг даван туулж чадсанаар гадаад худалдаа бүрэн сэргэж, иргэдийн зорчих хөдөлгөөн богино хугацаанд хэвийн байдалдаа эргээд орох хэтийн төлөв харагдаж байна.


Б.Адъяахүү

Гэрэл зургийг Ш.Отгонжаргал

 

Холбоотой мэдээ