Байгаль хамгаалалтын захиргаа байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-03-06 21:27:45

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн ИТХ-ын ээлжит 14 дүгээр хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалт, бэлчээр хамгаалах, өөр аймгаас ирж буй отрын малыг зохицуулах журам зэрэг зургаан асуудлыг хэлэлцэж байгаа юм.

Тодруулбал, одоогоор аймгийн төвд Байгаль хамгаалалтын захиргаа байгуулах, иргэдэд газар өмчлүүлэх асуудлыг төлөөлөгчид дэмжиж батлаад байна. Байгаль хамгаалалтын захиргаа байгуулснаар малын шилжиж ирэх отор нүүдлийг зохицуулах асуудал цэгцэрнэ гэж үзэж байгаа аж.

Харин төсөвт өөрчлөлт оруулах, эмнэлгийн бүсэд орон сууц барих асуудал, Халх гол сумын Тамгын газрын хуучин барилгыг Онцгой байдлын газарт шилжүүлж өгөх асуудлыг буцааж, дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр болжээ. Дээрх хурлаар анх удаа бэлчээрийн зохицуулалтын асуудлыг хэлэлцэж байгаа нь онцлог гэдгийг ИТХ-ын дарга Л.Хишигтогтох хэлж байлаа. 

Холбоотой мэдээ