Өвөлжилт хүндэрсэн аймгуудад өвс, тэжээл олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-03-11 13:38:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар өвөлжилт хүндэрсэн Архангай, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Орхон, Завхан, Өмнөговь, Хэнтий, Хөвсгөл, Увс аймаг болон Улаанбаатар хотод нийт 3,8 мянган тонн өвс Улсын нөөцөөс үнэгүй олгох болов.


Мөн 3000 тонн тэжээлийг 50 хувь хямдруулан худалдахаар шийдвэрлэлээ. Түүнчлэн Улаанбаатар хот болон зарим аймаг, сумын Засаг даргын Тамгын газар, Онцгой байдал, Үндэсний аврах бригад, нөөцийн салбар, цагдаагийн байгууллагад “УАЗ-22069” маркийн фургон болон “УАЗ-315195” маркийн хантер автомашин, гэр, завь, хөдөлмөр хамгааллын хувцас, жавелин, спирт агуулсан уусмал, тамедин, химодин, амны хаалт олгох аж. 2019 оны сүүлийн хагаст болсон гамшгийн голомтод ажилласан алба хаагчдын томилолт, урамшуулал болон бусад зардалд шаардагдах хөрөнгийг 2020 оны батлагдсан төсвөөсөө гаргахыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд зөвшөөрөв.


Товч мэдээ:


- Хан-Уул дүүрэгт барьж буй 300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажлыг дуусгаж, дэд бүтэц барихтай холбоотой төслийн санхүүжилтийг хянан баталгаажуулж, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах болов. Барилгын ажил 90 гаруй хувьтай байна..


- Нийгмийн хамгааллын болон тэтгэврийн шинэчлэл, нийгмийн даатгалын багц хуулийн төслийг ирэх сард багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх болов. Цаашид хууль эрх зүйн шинэчлэл хийж, нийгмийн даатгалын засаглал, санхүүгийн удирдлагыг боловсронгуй болгон, тэтгэврийн олон давхаргат тогтолцоо нэвтрүүлэхийг зорьж байна.


- “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын шатахуун хангамжийн менежментийн төсөл”-ийг “хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх” төрлөөр, концесс эзэмшигчийг шууд гэрээний аргаар сонгох байсан. Шатахуун хангамжийг төрийн өмчит аж ахуйн нэгж хариуцах болсон тул төслийг концессын зүйлийн жагсаалтаас хасав.


- Улаанбаатар хотын ахуйн болон үйлдвэрийн цэвэрлэх байгууламжуудын хог хаягдал, лагийг зориулалтын бус газарт хаях, хог хаягдал хуримтлуулах, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх, үнэр гаргахыг зогсоохыг үүрэг болгов. Энэ чиглэлээр байгууллага, аж ахуйн нэгжүүдэд анхааруулга, зөвлөгөө өгч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангуулж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд даалгав.


- БНХАУ-ын Учао хотод  болсон олон улсын циркчдийн наадмаас мөнгөн медаль хүртсэн “Монголын циркийн хөгжлийн төв”-ийн уран бүтээлчдэд 40 сая, Монте-Карлогийн дэлхийн циркчдийн их наадмаас хүрэл медаль хүртсэн Монголын цирркчдийн холбооны уран бүтээлчдэд 34 сая, Чех улсад болсон Косиан сангийн нэрэмжит олон улсын залуу хийлчдийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн Монгол Улсын Консерваторийн сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Ч.Цэцэнд 19 сая төгрөгийн шагнал олгоно. Мөн Косиан сангийн нэрэмжит олон улсын залуу хийлчдийн уралдааны хоёрдугаар байрын шагналт, ОХУ-ын Гнесний нэрэмжит Хөгжмийн коллежийн сурагч Т.Удвал, Хүүхдийн ордоны хийлийн дугуйлангийн сурагч Т.Эсүй нарт тус бүр 14 сая, гуравдугаар байр эзэлсэн Консерваторийн сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Ж.Нарансоёмбо, Ө.Мишээл нарт тус бүр есөн сая төгрөгийн мөнгөн шагнал олгоно.

Холбоотой мэдээ