Жо Байден дөрвөн муж улсад ялалт байгуулах төлөвтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-03-11 14:05:43

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нам дотроос нэр дэвшигчийг тодруулахаар мягмар гарагт зургаан муж улсад явуулсан сунгааны саналын хуудсуудыг тоолж байна. Энэ удаагийн сунгаанд дэд Ерөнхийлөгч асан Жо Байден Мичиган, Миссисипи, Миссури, Айдахо муж улсад ялалт байгуулах төлөвтэй байна.


Өдгөө 77 настай Ж.Байдены нэр хүнд өнгөрсөн долоо хоногт 14 муж улсад явуулсан “супер мягмар гараг”-ийн сунгаанаас хойш ихэд өссөн бөгөөд уг сунгаанд тэрбээр 10 муж улсад тэргүүлсэн юм. Мөн тэрбээр ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанаас нэрээ татсан Индиана муж улсын Саут-Бенд хотын дарга асан Пит Буттижич, Миннесота муж улсын сенатч Эми Клобучар, Нью-Йорк хотын дарга асан Майкл Блумберг, Калифорни муж улсын сенатч Камала Харрис нарын дэмжлэгийг авчээ.


АНУ-д ирэх 11 дүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшихийн тулд сунгаанд нэр дэвшигч намынхаа 1991 төлөөлөгчийн саналыг авах шаардлагатай бөгөөд энэ удаагийн сунгаанаас өмнө Ж.Байден 648 санал, Вермонт муж улсын сенатч Берни Сандерс 563 санал авсан байна. 

Холбоотой мэдээ