Бэлчээр хамгаалах, отрын малыг зохицуулах журам баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-03-11 21:25:02

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн ИТХ-аас “Бэлчээр хамгаалах, малын шилжилт хөдөлгөөнийг зохицуулах журам”-ыг батлаад байна.

Малчид бэлчээрийг зохистой ашигладаггүй, мөн сүүлийн жилүүдэд бусад аймаг, сумаас отроор ирэх малын тоо толгой огцом нэмэгдэж байгаа. Үүнээс үүдэн тус аймгийн нийт бэлчээрийн 14.5 хувь буюу 1.2 сая га бэлчээр тодорхой хэмжээгээр доройтолд орсон гэж мэргэжлийн байгууллага тодорхойлжээ. Хууль зүйн яамаар “Бэлчээр хамгаалах, малын шилжилт хөдөлгөөнийг зохицуулах журам”-ыг хянуулсны дараа мөрдөж эхлэх аж. Энэхүү журамд сумд бэлчээрийнхээ даацтай уялдуулан бэлчээж болох малын тоо толгойг тогтоох, түймэрт шатсан бэлчээрийг нэг жил өнжөөх, малчид бэлчээрийг улирлын хуваарьтай ашиглах зэргээр зохицуулж өгчээ.

Сүүлийн гурван жилд 124 өрхийн 73 мянган толгой мал ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр бусад аймгаас Дорнодын нутагт отроор иржээ. Хэдийгээр Монгол Улсын иргэн ажиллах, амьдрах газраа сонгох эрхтэй ч дур мэдэн малтайгаа шилжин ирэх нь гоц халдварт өвчин гарах нэг шалтгаан болох нь ч бий. Тиймээс өөр аймаг сумын малчин Дорнод руу оторлох бол өөрийн харьяа орон нутгаасаа бичиг авч, тухайн шилжиж очих гэж байгаа сумын удирдлагад мэдэгдэх ёстой юм. 

Холбоотой мэдээ