Өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүний борлуулалтад хяналт шалгалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-03-11 22:05:58

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЗДТГ-аас орон нутагт өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүн, махны зохиомол хомсдол үүсгэх, зах зээлийн үнээс хэт өндөр үнээр худалдан борлуулах зэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарч хяналт шалгалт хийсэн байна.

Сумын удирдлагууд энэхүү үйл ажиллагаагаа үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор улсын болон аймгийн Онцгой комиссын шийдвэр, сумын онцгой комиссын даргын удаа дараагийн тоот захирамжийн хэрэгжилтэд хяналт хийх зорилгоор явуулжээ. Үйл ажиллагааны хүрээнд орон нутагт өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүн, махны зохиомол хомсдол үүсгэх, зах зээлийн үнээс хэт өндөр үнээр худалдан борлуулах. Цаашлаад худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн хүнсний болон махны нөөцийг тодорхойлох, ариутгал халдваргүйтэл, эрүүл ахуйн шаардлагад хяналт тавих ажлуудыг хийсэн аж.

Хяналт шалгалтыг махны худалдаа эрхлэгч Сансар хүнсний зах, Ану худалдааны төв, Төөнөт, Хараа зах зэрэг нийт долоон объектод үйл ажиллагаа явуулж байгаа 16 иргэн, өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүний худалдаа эрхлэгч томоохон бөөний төвүүд, 3, 7 дугаар багийн төвийн хэсгийн найман худалдааны төвийн үйл ажиллагаанд явуулжээ.

Шалгалтын явцад шинээр бэлтгэсэн үхрийн цул мах 11000-12000 төгрөг, ястай мах 10000-11000, хонины цул мах 9000-10000, ястай мах 8500-9000, намрын бэлтгэсэн хонины цул мах 8000-8500, ястай мах 7500-8000 төгрөгөөр зах зээлд худалдан борлуулж байсан байна. Мөн өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүн /гурил, давс, ургамлын тос, элсэн чихэр, талх, нарийн боов/-ны үнэ хэвийн харин цагаан будааны үнэ өссөн аж.

Тус сумын Онцгой комиссоос цаашид хүнсний хомсдол үүсгэхгүй байх үүднээс хүнс тээвэрлэлтийн асуудлыг бүрэн шийдсэн бөгөөд нөөц хангалттай байгаа гэнэ. Цаашид зохиомол үнэ хөөрөгдсөн иргэн, ААН-ийг Сумын шуурхай штабын 70367010 дугаарын утас болон ЗДТГ-ын mandal.ZDTG@gmail.com хаягаар мэдэгдэхийг анхаарууллаа. Мөн хуурамч мэдээлэл өгсөн тохиолдолд зохих хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх ажээ. 

Холбоотой мэдээ