С.Билгүүн: Монгол шатарчид зөвхөн өөрсдийн чадлаар хүч үзэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
dusem11@yahoo.com
2020-03-13 14:33:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сумьяагийн Билгүүн Монгол Улсаас долоон жилийн дараа Дэлхийн шатрын холбоо /ФИДЕ/-ны эргтэйчүүдийн Их мастер хэмээх цолыг хэдхэн хоногийн өмнө /2020.02.29/ хүртсэн билээ. 


Монгол Улсын тав дахь Их мастер цолтон болсон Ховд аймгийн харьяат, 22 настай С.Билгүүнтэй хийсэн ярилцлагыг толилуулж байна.

 

-Юуны өмнө халуун баяр хүргэе! Ярилцлагаа яагаад шатраар хичээллэх болов, анхны багш хэн байв гэдгээс эхэлье?


-Баярлалаа. Миний сургуульд орох нас болсон ч бие жижиг гээд аав, ээж намайг оруулаагүй. Тэгээд л цэцэрлэгт байхдаа монгол хэл, тооны хичээлийг гэрээр заалгасан. Ингээд I ангид 7 настай орохдоо бусдаасаа түрүүлээд уншиж, бодож сурсан болохоор зав чөлөө ихтэй байсан. Харин аав маань намайг шатрын клубт явуулахаар болж анх Мягмардорж багштай Манлай говь клубт элсэж шатрын хүн болсон юм. Багш одоо Монголын хүүхдийн ордны шатрын дугуйлангийн багшаар ажиллаж байгаа.


-Танай аав болон ойр дотны хүмүүсээс шатар тоглодог уу?


-Аав маань шатар тоглодог, жирийн хорхойтон. Мөн манай өвөө, хүргэн ах нар гээд ойрын хүмүүс бүгд л шатар тоглодог. Тэгээд гэр бүлийн хүрээнд шатрын тэмцээн зохион явуулдаг байлаа. Эндээс л би шатар сонирхож сурсан даа. Дүү маань бас шатрыг сонгосон тамирчин.


-Анх оролцсон тэмцээнүүдээсээ эргэн дурсвал?


-Монголын хүүхдийн ордонд “Цодгор хүү” гэж шатрын тэмцээнд 7-8 настай байхаас л оролцож эхэлсэн. Миний хувьд тус тэмцээнд оролцоод эхний даваанд л хасагдчихдаг байсан. Тухайн үед хүүхдийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн гэж нэр хүндтэй тэмцээн болдог байв. Харин энэ тэмцээнд оролцоод нэлээд амжилттай тоглосон.


-Хамгийн анхны амжилтууд гэвэл ?


-Анх 7 настай шатар сурчихаад 2005 онд “Мини шатар” гэж уламжлалт тэмцээнд оролцож анх удаагаа хүрэл медаль авсан. Дараа жил нь 2006 оны Өсвөрийн улсын аваргаас алтан медаль авч, аварга болж их урамшсан. Энэ л миний хамгийн анхны амжилт юм байна.


-Шатрын спортоор тууштай хичээллэе гэсэн хүсэл эрмэлзэл хэзээ төрсөн бол?


-Багаасаа их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Дөнгөж тоглож эхлээд амжилт үзүүлж эхэлсэн болохоор шатрын спортоор хичээллэхээ зогсооно гэсэн бодол толгойд огт орж ирээгүй.  Би энэ спортоор л явах юм байна гэдэг бодол багаас минь төрсөн гэж болно. Зарим тамирчныг харахад нэг жил, ядаж сар ч болтугай шатраас хөндийрч байсан бол, харин миний хувьд нэг хоног ч шатраас хөндийрч үзээгүй шатарчин болоод явж байгаа даа.


-Хэн чамайг хамгийн их дэмжиж, тэмцээнд оролцох боломж олгож байв?


-Хамгийн их туслалцаа үзүүлсэн хүн бол аав маань байсан, Монголын шатрын спортын хөгжилд хувь нэмрээ оруулж яваа хүн. Аав маань Монголын шатрын холбооны нарийн бичгийн дарга,  Дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүнээр 12 жил ажилласан Т.Сумьяа гэж шатрын зүтгэлтэн хүн байдаг. Намайг 12 настай байхад дүү маань 4 настай анх шатар сурч эхэлсэн. Тэгээд л дүүтэйгээ хамт тэмцээнд оролцож ах дүү хоёр шатарчин болсноор шатартай нөхөрлөж байна.


-Анхны багштайгаа хэдэн жил хичээллэсэн, олон багш, дасгалжуулагчтай хичээллэж байна уу ?


-Анхны багшаар 1 жил шатар заалгасан. Дараа нь Д.Дамдин, Ц.Лхагвасүрэн, С.Болдбаатар гээд олон багштай байсан. Хамгийн сүүлд нь Их мастер Д.Шаравдорж багшаар заалгаж байлаа. Ер нь анхан шатнаас мэргэжлийн өндөр түвшний багш нараар заалгаж бага багаар ахиж, дэвшээд л өдий зэрэгт хүрээд байна. Энэ багш нарынхаа дэмжлэгээр шатрын спортоор амжилт гаргахын төлөө зорьж явна. Бүх багш нартаа чин сэтгэлээсээ талархаж байдаг. Тэднийхээ итгэл, найдварыг дааж явах нь миний эрхэм үүрэг юм даа.


-Монголын шатарчид дэлхийн түвшинд хаана явна гэж үздэг вэ?


-Дэлхий дахинд шатрын спорт маш эрчимтэй хөгжиж байна. Өнөөдөр Монголын өсвөрийн шатарчдын хувьд маш хурдацтай хөгжиж, амжилт нь ахиж байгаа. Тиймээс манай 12,13,14 насны хүүхдүүд өсвөрийн дэлхийн аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн шатрын тамирчидтай эн тэнцүү өрсөлддөг. Харин нас, түвшин ахиад ирэхээр мэргэжлийн багшаас заавар зөвлөгөө авах шаардлага гардаг. Энэ үеэс л хөрөнгө мөнгөний асуудлаас болоод дэлхийн түвшний сургалт, ур чадвараа ахиулах боломж хумигдаад ирэх тал ажиглагддаг. Харин сүүлийн жилүүдэд шатрын спортод үзүүлэх дэмжлэг эрс нэмэгдсэн. Тиймээс бидний дэлхийд гаргах амжилт ахиж, дээшлэх болов уу гэж бодож байна.


-Олон тэмцээнд оролцохоор тоглох ур чадвар ахиж, туршлага суудаг байх. Ямар тэмцээнд оролцож, аль улсын өндөр зэрэглэлийн шатарчинтай тоглож үзэв?


-Би 40 гаруй орны 70-80 олон улсын тэмцээнд оролцжээ. Тэмцээн уралдаанд явах болгондоо ямар нэг зүйл сураад, туршлага хуримтлуулдаг. Хамгийн өндөр цолтой тамирчин гэвэл дэлхийн шилдэг 5-д багтдаг Армен улсын шатарчин Л.Аронян гэж Их мастертай түргэн тоглолтын дэлхийн аваргын тэмцээнээр таарч тоглосон. Олон улсын мастер цолтой шатарчидтай гадагшаа тоглолтод явах бүртээ л тоглож байгаа. Анх тэдэнтэй тоглоход айх, сандрах үе байдаг байсан. Тэгээд хэд хэдэн тэмцээний дараа биеэ барихгүй тоглодог болсон. Харин энэ тамирчинтай ингэж тоглох юм байна гэх маягаар баримжаа, арга эвээ мэдэрч чаддаг болжээ. Гадаадын тэмцээнд оролцохын хэрээр л сурч мэдэж, ур чадвар ахиж байдаг.


-Гадаад, дотоодын олон тэмцээнд оролцжээ. Хэчнээн медальтай, том амжилтуудаас онцолж дурдана уу?


-Медалиа тоолж байгаагүй юм байна. Хамгийн том амжилт гэвэл 2018 оны Монгол Улсын аварга шатарчин болсон. Монгол Улсын Өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээний 4 удаагийн аварга. Мөн 2011 онд сонирхогчдын шатрын дэлхийн аварга болсон. Олон улсын мастер цолыг 2016 онд авч байсан бол 4 жилийн дараа Их мастер цолоо авч байна.


-Их мастер цолны 2500-гаас дээш чансаанд хүрэх гэдэг өндөр даваа байх шүү?


-Тиймээ, 2500-гаас өндөр чансааны гурван тэмцээний нормыг хангасан байх болзолтой. Энэ нормыг хангахдаа өөрийн үзүүлэлтээ 2600-гийн хэмжээнд тоглохыг шаарддаг. Тэгэхээр миний хувьд яг тэр тэмцээний 9 өргийн турш 2600-гийн чансаатай тамирчны түвшинд хүрч тоглох ёстой. Чансаа гэхээсээ илүү норм хангах нь тухайн тамирчны хувьд илүү хүнд байдаг.


-Монгол Улсаас төрсөн эрэгтэй, дөрвөн их мастер байдаг. Тэднээс зөвлөгөө авна биз?


-Их мастер ах нараас байнга л зөвлөгөө авдаг. Дотоодын уралдаан тэмцээнд тогтмол таарч тоглодог. Их мастер Д.Шаравдорж багшийн удирдлага дор би 2 жил хичээллэсэн. Энэ хугацаанд миний шатрын амжилт шат ахисан. Мөн Их мастер Ц.Батчулуун ахтай Чингис клубийн хүрээнд зөвлөгөөг нь авч, хамт ажиллаж байлаа. Их мастер Б.Гүндаваа ахтай, хуурай ах дүүсийн харилцаатай. Бүгдтэй нь л сайн харилцаатай байж асууж, тэднээс суралцаж, тэдний туслалцааг авч байдаг.  


-Их мастер хүн ур чадвараараа бусдаас онцгойрдог байх?


-Бага байхдаа нэлээн хурц, довтолгоонтой өрөг тоглохыг  хүсдэг байсан. Харин мэргэжлийн шатарчин болох тусмаа илүү универсаль болох шаардлага гарч ирдэг юм байна. Тухайлбал, довтолж тоглох үедээ довтолж, арай нэг тайван байрлалд стратеги боловсруулж тоглох үе ч гарч ирнэ. Ер нь мэргэжлийн тоглогч гэдэг шатарчдын хамгийн дээд нь юм. Их мастер бол бүхнийг эзэмшсэн байх ёстой дээд цол. Энэ утгаараа тоглолтын гараа сайн байх ёстой. Дунд үе, төгсгөл үе, бүгдэд нь шилдэг байж, алдаа бага гаргасан хүн л энэ цолонд хүрэх боломжтой.


-Та шатрын бодлого бодолтын төрлөөр хичээллэдэг гэсэн. Энэ тухай ярина уу?


-Би шатрын бодлого бодолтын төрлөөр давхар хичээллэдэг. Энэ нь 2 нүүдлийн мад, 3 нүүдлийн мад, шатрын этюд, төгсгөлийн бодлогууд, урвуу, хамжаа мад гээд шатар гэхээсээ илүү арай содон төрлүүд байдаг. Энэ шатрын бодлого бодолтын төрлөөр 2016 онд Дэлхийн залуучуудын аварга цол хүртсэн. УАШТ-нд 3 удаа түрүүлсэн. Бодлого бодолтын төрлийн дэлхийн шатрын холбооны мастер цолтой. Монголоос энэ цолыг хүртсэн анхны тамирчин болсон. Шатрын бодлого бодолтын төрлөөр сэтгүүл зүйн салбарт ажилладаг, бодлого зохиодог Л.Тогоохүү багштай хамтран ажиллаж, байнга зөвлөгөө авдаг.


- Шатрын их мастерууд олонтой улс орны шатарчдын амжилтын нууц болон тэдний талаар юу хэлэх вэ?


- Ном сурах бичиг, суурь школ гэхээс илүүтэй сүүлийн үед шатар компьютер технологийн хөгжлөө дагаад шатрын бэлтгэлийг эндээс л хангаж байна. Харин суурь мэдлэг олгохоор дэлхийн шилдэг сайн, шалгарсан номнуудыг үзэж судлах нь чухал. Цахим шинжлэх ухаан, компьютер технологи хөгжсөнөөр шатрын нүүдэл, программ маш хурдацтай өөрчлөгдөх болж бэлтгэл сургуулилтаа компьютерын программ дээр хийж байж ур чадвараа ахиулж, хөгжүүлдэг. Өнөө үед компьютер тооцооллын ачаар боломжгүй зарим муу нүүдэл боломжтой болсон. Шатрын хөгжил, дэвшил компьютертай нягт холбоотой гэж болно.  



-Одоо ямар мэргэжлээр суралцаж байгаа билээ?


-Нийслэлийн лаборатори 1 дүгээр дунд сургуульд Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг 2014 онд төгссөн. Тэр жил МУИС-ийн даатгалын ангид элсэн орж, одоог хүртэл сурч байгаа. Дунд нь 3 жил шатрын спортоороо хичээллэж, сургуулиасаа чөлөө авсан. Энэ намраас сургуульдаа эргэн орсон. Одоо 3 дугаар дамжаа. Багаасаа би шатрын спортыг математиктай хослуулж хичээллэсэн. Хотын математикийн олимпиадад нэг түрүүлж, хоёр удаа мөнгөн медаль хүртсэн.


-Даатгал санхүүгийн мэргэжилтэй болох юм байна. Багадаа ямар мэргэжил эзэмшихийг хүсэж байв?


-Ээж маань эмч байсан болохоор бүр багадаа эмч болно гэж боддог байлаа. Шатраар хичээллэх болсноор сонирхол маань өөрчлөгдсөн. Тэгээд ч хими, биологийн хичээлээ сайн судлаагүй хүн яаж эмч болох юм гээд л орхисон.  Хөл бөмбөг, сагс, теннисээр хичээллэдэг. Эдгээр спортын талаарх мэдээллийг үргэлж сошиал ертөнцөөс авдаг. Хэтдээ энэ спортуудтой холбоотой спортын сэтгүүлч, тайлбарлагч хийж үзнэ гэж боддог.


-Айлын хэд дэх хүүхэд вэ, гэр бүлийнхээ талаар танилцуулаач?


-Би айлын дунд хүүхэд. Нэг ах, нэг дүүтэй, манайх 3 эрэгтэй хүүхэдтэй айл. Аав маань барилгын инженер мэргэжлээр төгссөн. Аав шатрын зүтгэлтэн төдийгүй гэр бүл, ах дүүсийн хүрээнд бизнес эрхэлж ирсэн гэж болно. Ээж маань Улсын төв I эмнэлгийн дурангийн эмч. Одоо өөрийн хувийн эмнэлгээ байгуулаад ажиллаж байгаа.


-Танай дүү шатарчин, харин ах чинь шатраар хичээллэж байсан уу?


-Ах сонирхогчдын хэмжээнд шатар муугүй тоглодог. Төслийн менежерээр ажилладаг бөгөөд надаас 7 насаар ах, харин дүү надаас 8 дүү. Дүү маань 15 настай гэхэд шатар маш сайн тоглодог. Дэлхийн шатрын холбооны мастер цолтой. Монголоос дэлхийн дараагийн Их мастер болох ирээдүйтэй хүүхдүүдийн тоонд орж байгаа.


-Монголд шатрын спортын хөгжил чиний харж байгаагаар ямар түвшинд байна вэ?


нөөгийн өсвөрийн шатарчид маш өрсөлдөөнтэй болж байна. Тэдний үе хүч түрэн орж ирж байгаа гэж боддог. Шатрын спорт үе үеэрээ улам сайжирч, хөгжиж ирсэн онцлогтой. Энэ үеийнхэн бие биенээ хурцалж, бэлтгэл сургуулилтаа чамбай сайн хийж олон өсвөрийн шилдэг тамирчид гарч ирж байна. Тухайлбал, Олон улсын мастер Б.Батсүрэн гэж 16 настай хүү байдаг. Их мастер болоход их ойртсон. Мөн олон улсын мастер С.Ган-Эрдэнэ, дэлхийн шатрын холбооны мастер Г.Амартүвшин, манай дүү С.Чингүүн гээд нэг үеийн 15,16-тай жаахан хүүхдүүд хүч түрэн орж ирж байна. Харин энэ үед улсаас сайн дэмжин гадаадын чадвартай дасгалжуулагч, тамирчдыг урьж ирүүлэн туршлага судлуулж, уралдаан тэмцээнд явах зардлыг нь даах юм бол Их мастер төрүүлэх боломж нээлттэй болжээ. Цаашдаа Их мастер цолтон гэлтгүй дэлхийн шилдэг 100-д орох “Топ” шатарчныг төрүүлэх боломжтой гэж боддог.


-Монгол Улс шатрын спортоор дэлхий, олон улсын түвшинд яг хаана явна?


-Дэлхийн шатрын холбооноос шилдэг 100 тамирчныг дундаж чансаа оноогоор нь жагсаахад, монгол шатарчид 200 гаруй орноос 53-т жагсдаг. Хуучин 67, 68 дугаарт  байсан. Ер нь бол манай шатрын хөгжил хурдацтай байна. Гэхдээ дээд түвшний БНХАУ, ОХУ, АНУ, Энэтхэг улстай жишиж үзвэл бид хол зайтай хоцрогдож байгаа. Энэ орнууд шатрын спортыг олимпын спорттой дүйцүүлэн анхаарал хандуулж байхад, бүр зарим /ОХУ, Хятад/ улс орон олимпоос дээгүүрт авч үзэж шатрын спортод илүү их хөрөнгө мөнгө зарцуулж, бодлогоор дэмжиж байгаа шүү.


-Дэлхийн олимпиадад оролцох чансаатай тамирчин Монголд байгаа юу?


-Эмэгтэйчүүдээс Их мастер Б.Мөнгөнтуул эгч дэлхийн хэмжээний шатарчин. Харин эрэгтэй шатарчдын хувьд хараахан дээд түвшинд хүрээгүй байгаа. Их мастер Ц.Батчулуун ах дэлхийн цомд оролцож байсан. Ер нь нийт тэмцээнээс харахад манай шатарчид хоцорч яваа гэж үзэж байна.


-Дэлхийн улс орнууд шатрын спортод хэр их хэмжээний хөрөнгө оруулдаг бол ?


-Жишээ нь, сүүлийн үед Иран, Узбекистаны тамирчид огцом сайжирч байгаа. Иран улс 2015-2019 онд жил бүр шатрын холбоондоо 2 сая доллар, 4 жилд 8 сая ам.доллар зарцуулж байх жишээтэй. Ганц улс л ийм их хөрөнгө гаргаж байна шүү дээ. Монголд 2016 оноос олимпын бус төрөл гээд шатрын шигшээ баггүй байсан. Харин энэ жилээс шигшээ баг байгуулахаар болсон. Ер нь тамирчид өөрсдөө Алдар”, Сүлд спорт хороогоор дамжуулж төрөөс цалин авч байгаа. Санхүүгийн хувьд төрөөс дэмжлэг байхгүй бол хувь хүнээс гарах хөрөнгө бол хязгаартай.


-Таныг амжилтад хүрэхэд хамгийн их дэмжсэн ямар байгууллага, хүмүүс байдаг вэ?


-Багаасаа л тэмцээнд орох зардлаа ар гэрээсээ л гаргаж ирсэн. Аав, ээж бизнес хийдэг байсны хүчинд бусдыг бодвол санхүүгийн асуудал бага байсан. Харин зах зээлээ дагаад гэр орны амьдралаас шалтгаалж хэцүү цаг үе зөндөө байсан. 2016-2019 оны хооронд Сүлд спорт хорооны тамирчнаар 3 жил явсан. За ихэвчлэн аав ээжийн дэмжлэгээр хилийн чанадыг зорьж байлаа. Бид үргэлж л аль хямдыг сонгож Улаан-Үдээр дамжин нисдэг. Улаан-Үдээс Москва руу очиж Европ руу нисдэг. Тэгээд тухайн тэмцээний албан ёсны буудлуудад буух гэхээр нэг хүний 80-90 ам.доллар. Аав, дүүтэйгээ хамт явна. Тэгээд бид зардлаа хэмнээд 50-60 ам.долларын үнэтэй байр түрээслэж, тэндээ хоол хийж идээд, тэмцээнд оролцдог.


-Их мастер болох энэ хугацаанд дэмжиж тусалсан хүмүүсээс онцолж хэлбэл?


-Шатрын спорт, шатарчдыг дэмждэг “Тосон торго” компанийн захирал Насанжаргал ах байна. Тэмцээнд явах гээд аавтайгаа мөнгө зээлэхээр очиж уулзахад, хоёр дүүгээ дэмжинэ гээд мөнгө зээлэлгүй шууд тэмцээний зардлыг дааж байсан нь миний сэтгэлд үлдсэн хамгийн том тус гэж боддог. Сүлд, спорт хороо, ”Чингис клуб сар бүр цалин, урамшуулал олгож байсан нь маш их дэм үзүүлсэн. Энэ хүмүүст чин сэтгэлээс талархаж байдаг.


-Монгол ахуй, бичиг соёлоо өнөө үеийнхэн орхигдуулаад байна гэдэг эмзэглэл нийгэмд байдаг. Та үндэсний монгол бичиг мэдэх үү?


-Миний хувьд монгол бичиг 10 жилдээ суралцаж байсан ч үсэгнүүдээ мэдэхээс биш хурдан уншиж чаддаггүй. Нэрээ бичих төдий гэж болно. Учир нь хичээлийн дундуур тэмцээнд их явдаг байсан нь нөлөөлсөн байх. МОНЦАМЭ агентлагаас үндэсний бичгээр гаргадаг Хүмүүн бичиг сонинг мэддэг. Шатрын спорт өөрөө монгол ахуй, ёс заншилтай нягт холбогдсон манай уламжлалт спорт гэж хэлэхэд буруудахгүй. Залуу үеийнхэн маань монгол ахуй, үндэсний бичиг соёлдоо ул суурьтай хандаж, мэдэж судалдаг байх хэрэгтэй гэж боддог. Миний хувьд мэргэжлийн карьераа хөөгөөд үүнийг орхигдуулсан тал бий. Монгол хүүхэд бүхэн үндэсний ёс заншлаа битгий орхиосой, өвлөн авч суралцаасай гэж хүсдэг.


-Шатарчин хүний хувьд өдөрт хэдэн цагийг шатарт зориулж байна вэ?


-Шатрын спортоор тогтмол хичээллэх ёстой, нэг ч өдөр алгасаж болохгүй. Өдөр бүр заавал 3-4 цагийг тогтмол бэлтгэлдээ зориулдаг. Давхар интернэтээр байнгын олон улсын шатартай холбоотой тэмцээн уралдааны мэдээг авдаг. Өдөр тутмын амьдралаа байнга шатартай холбоотой байлгахыг зорьж хэвшжээ. Харин “Чингис” клубт байхдаа өдөрт тогтмол 6-7 цаг бэлтгэл хийдэг байсан.


-Монголчууд шатар анх Монголд үүссэн гэдэг. Харин та юу гэж үздэг вэ?


-Түүх судлахаар Энэтхэгээс үүссэн гэж яригддаг ч, Монголоос үүссэн гэдэг судлаач эрдэмтэд бий. Монгол шатарт тэмээ гэж нэрлэдэг бол гадныхан заан гэдэг. Ер нь орон оронд үүсэж, өөр өөр нэрлэх болсон уу гэдэг бас л сонин. Миний бодлоор тэмээ өөрөө их хол нүүдэг. Монгол тэмээ бол усгүй маш урт замыг туулж чаддаг чаддаг учраас их хол нүүж явдаг. Харин зааны хувьд тийм хол зам туулж чаддаг бил үү. Тэмээний нүүдлээс үзэхэд шатар Монголоос үүссэн гэж үзэх тал байгаа юм. Мөн морины нүүдэл байна. Морь жороолдог, үсэрч, давж харайж нүүдэг, ялангуяа монгол морины онцлог ийм. Гадныхан ноён бэрс гэхгүй. Бэрс бол их хүчтэй. Харин ноён, хатан гэж байгаа. Тэгэхээр шатрын спортод хатан буюу бэрс нь хамгийн хүчтэй нь байдаг. Гэхдээ хэзээ ч хаан биш хатан хүчтэй байсан тохиолдол байхгүй. Бэрс гэдэг нэршлээс дүгнэхэд, Монголд шатар үүссэн байхыг үгүйсгэхгүй юм. Энэтхэгт үүссэн гэдэгт миний хувьд эргэлзээтэй. Шатрын дүрс, нүүдлийг харахад Монголд үүссэн юм болов уу гэх миний өөрийн бодол байдаг.


-Саяхан Их мастер цолыг тань албан ёсоор баталгаажууллаа. Цол, тэмдгийг яг хэзээ авах бол?


-Монголын шатрын холбоо, Дэлхийн шатрын холбооны харъяа байгууллага учраас Их мастерын цол тэмдгээ илгээмжээр аваад МШХ-ноос гардуулж өгнө. Шатрын цолны хувьд ДШХ /ФИДЕ/-ноос Дэлхийн шатрын холбооны дэд мастер, Дэлхийн шатрын холбооны мастер, Олон улсын мастер, Олон улсын Их мастер гэсэн дөрвөн цол олгодог. Хэлбэр дүрсний хувьд адилхан, харин өнгө нь өөр өөр байдаг. Их мастер цолны тэмдэг улаан өнгөтэй байдаг. Надад бол Олон улсын мастер гэсэн цэнхэр тэмдэг бий.


-Дэлхийн шилдэг тамирчдын нүүдэл гайхалтай байх. Өөрийн тань хувьд хэний тоглолт, нүүдэл илүү уран, гоё байдаг вэ?


-Шатар хөгжихийн хэрээр судлагдах магадлал нь илүү гүнзгий болж байна. Сүүлийн үед, тамирчдын тоглолт их тэнцдэг, харин хожиж байгаа тамирчдын хувьд нэлээн ур чадвар шаарддаг. Дэлхийн номер нэг шатарчин дэлхийн аварга Магнус Карлсен гээд Норвеги улсын тамирчин байдаг. Түүнийг ховсдох чадвартай гэж хүмүүс ярьдаг. Яагаад гэхээр шатрын хэллэгээр гарцаагүй тэнцэх байрлалаас маш содон, шинэ санаа гаргаж өрсөлдөгчөө алдаа гаргуулж чаддаг. Түүнд бусдаас илүү өөртөө итгэлтэй байдал, бусдыгаа ховсдох чадвар илүү гэж үздэг. Түүнийг шатрын спортыг шинэ түвшинд хүргэж байгаа гэдэг. М.Карлсен бүх цаг үеийн аваргууд болох Б.Фишер, А.Карпов, Г.Каспаровтой дүйх шилдгийн шилдэг дэлхийн аварга шатарчин гэгдэж байгаа юм.


-Таны хувьд, Монголын их мастеруудаас хэн илүү уран, гоё нүүдэл хийдэг вэ?


-Монгол Улсын гавьяат тамирчин, их мастер Б.Хатанбаатар үнэхээр шилдэг гэж яригддаг. Бэлтгэл сургууль хийх нөхцөл боломж тааруу, компьютер өндөр хөгжөөгүй үед өөрийн чадвараар дэлхийн шатрын томчуудтай өрсөлдөж байсан. Тэр үедээ Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж шуугиан тарьж байсан. Их мастер Б.Хатанбаатар ах их авьяастай. Сонин, соргог санаануудыг тоглолтынхоо үед ашигладаг. Стандарт бус тоглолттой хүн гэх юм уу даа. Гэхдээ манай Их мастерууд бүгд л өөр өөрсдийн гэсэн сонин содон арга барилтай.


-Ямар ч спортод өрсөлдөгчөө судалж, тухайн хүнд таарах тактик боловсруулж тоглодог. Шатрын спортод ямар байдаг бол?


-Шатрын спортод ингэх нь бүр их ажиглагддаг. Яагаад гэхээр тэмцээн бүрт одоо нүүдлээ тэмдэглэхийг шаарддаг болсон. Хүн бүр нүүдлээ тэмдэглэсний дараа тэмцээний зохион байгуулагч нар өргийн сангаа дэлхийн шатрын холбоо руу явуулдаг. Тамирчин бүр өргийн сангаа үүсгэсэн байдаг. Миний өргийн санд 600 гаруй өрөг бий. Маргааш тоглох тамирчин шууд  миний өргүүдийг харж судалдаг. Шатар бол 9 өрөг тоглодог бөгөөд өдөр бүр нэг өрөг тоглох учраас тэр хүний эсрэг бэлдэх хугацаа 24 цаг гэсэн үг. Тэгэхээр энэ 24 цагт хэн үр дүнтэй сайн ашиглана тэр хүн маргаашийн өрөг дээр хожих магадлал илүү өндөр. Үүнд монгол тамирчдын хувьд хангалтгүй, тэд олон улсын тэмцээнд дасгалжуулагчгүй явдаг. Бид судалгааны бүх асуудлаа өөрсдөө л гардан хийж судалдаг. Харин гадаадын тамирчдын хувьд тэмцээнд 2-3 дасгалжуулагчтай явдаг. Тамирчин амарч байхад дасгалжуулагчид шөнөжин бүх хариу тактикийн судалгааг бэлдээд өгдөг. Маргаашийн тоглолтынх нь өмнө энэ хүн чинь ингэж тоглодог шүү, түүний эсрэг ийм арга барилаар тогло гээд зааварчилгаа өгөх жишээтэй. Харин монгол тамирчид жинхэнэ өөрийн чадлаар л хүч үзэж байна.


-Их мастер Г.Каспаров анх компьютертой тоглож тэнцсэн. Харин өнөөдөр хүний оюуны чадамжаас давсан гэдэг. Энэ талаар ?


-Анх deep blue гээд дөнгөж гарч байсан шатрын программтай тоглож байсан. Дэлхийн шатрын аварга Магнус Карлсен 2850 хавьцаа чансаатай. Харин өнөө үеийн компьютерын чансааг тооцоолоход ойролцоогоор 3300-3400 хавьцаа тоглодог. Хүний чадамжаас аль эрт даваад явчихсан. Хүн, компьютер хоёр тоглоход тэнцээн гарах магадлал их ч гэсэн олон удаагийн өргийн дараа компьютер илүү болно. Учир нь компьютер алдаа гаргахгүй бөгөөд ямар нэг сэтгэлзүйн асуудал ч байхгүй. Давхар Google компанийн гаргасан alpha zero гээд хиймэл оюун ухаан орж ирж байгаа. Хиймэл оюун ухаан нь өөрөө шатрын спортыг сураад байгаа. Нэг гаргасан алдаагаа дахиж гаргахгүй, харин улам сайжруулдаг. Хиймэл оюун ухааны эсрэг шатрын уралдаан тэмцээн гээд шоу тоглолтууд өнөөдөр их явагдах болсон. Зөвхөн хүнтэй биш хоёр компьютерын хоорондох тэмцээн болж байна.


-Монголын тав дахь Их мастер боллоо. Шинэ Их мастераа дэмжих санал ирж байна уу?


-Цахим орчноор шатрын спортын талаар шуурхай мэдээлэл хүрэх болсныг бид харж байна. Надад хоёр, гурван газраас холбогдож, дэмжиж, хамтарч ажиллах саналууд ирсэн. Б.Гүндаваа ах 2013 онд 4 дэх Их мастер болсон бөгөөд 7 жилийн дараа 5 дахь Их мастер төрсөн гэдэг утгаараа манай шатрын спортыг дэмжигчид болон сонирхогчдод нэлээн хүлээлт байсан нь харагдаж байна.


-Шатрын тэмцээний шүүлтийн талаар юу хэлэх вэ?


-Шатрын спорт бол шүүгчийн оролцоогүй цэвэр 2 тамирчны хооронд өрсөлдөөн явагддаг учраас харьцангуй шударга спорт. Цаг яваад эхэлсэн л бол шүүгч огтхон ч оролцдоггүй.


-Шатарчдад тэмцээнд оролцоход зардлын асуудлаас болж нэлээд бэрхшээлтэй тулгардаг?


-Тийм шүү. Зардлын асуудлаа шийднэ гэдэг маш чухал. Миний хувьд зардлын асуудлыг ерөнхийдөө гэр бүлийнхээ дэмжлэгээр л шийдүүлж гадаад, дотоодын тэмцээнд оролцож ирсэн дээ. 


-Ивээн тэтгэж, цалинжуулж байгаа клуб байна уу?


-Одоогоор байхгүй. Өмнөх жилийн 9 сар хүртэл “Сүлд” спорт хорооны тамирчин байсан. Цаашдаа энэ асуудал шийдэгдэх байхаа.


-Таны дараагийн том зорилт юу байна вэ?


-Монголын шатарчид дэлхийн чансааны 2500 оноотой болоод Их мастер цол авч байсан. Харин 2600, 2700 хүргэж байгаагүй бөгөөд  2600 нь шатрын дээд түвшний хүрээлэлд Супер Их мастер гэгддэг бол 2700-д хүрвэл Элит тамирчдын тоонд ордог. Миний хувьд энэ хэмжээнд хүрэхийн төлөө л зүтгэнэ гэж боддог. Шатрын нэг онцлог нь зодог тайлна гэж байдаггүй.


-Энэ амжилтад хүрэхэд хамт байж, чамд тусалж дэмжсэн хүмүүст болон шатар сонирхогч багачууд хүүхдүүдэд хандаж юу хэлэх вэ?


-Аав, ээж, ах дүү, хамаатан садан, тусалсан байгууллага, хамт олонд маш их баярлалаа. Энэ бол зөвхөн миний амжилт биш. Бусдын дэмжлэг туслалцаа маш их байсан. Цаашид улам их хичээх болно. Мөн хүүхэд залуусдаа хандан цаг заваа зөв ашиглаарай. Шатар сурч байгаа хүүхэд, багачууддаа хандаж хэлэхэд, өнөөдөр техник технологийн эрин зуун гэдэг ч өнөө үеийн хүүхдүүд суурь мэдлэггүй байх тал ажиглагддаг. Шууд л компьютертой харьцаад сайжирчих юм боддог. Анхан шатнаас дэс дараатай сурвал компьютертой харьцах явцдаа улам гүнзгий сурч мэддэг. Тэр чинээгээр амжилт нь ахиж дэвшдэг. Харин өөрийгөө хэтэрхий бүү шамдуул. Зөв зүйлд цагаа зарцуулаарай гэж хэлмээр байна.

Холбоотой мэдээ