Он гарсаар 14 удаагийн объектын гал түймэр гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-03-16 11:59:51

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт 2020 он гарсаар 1 дүгээр улирлын байдлаар аймгийн хэмжээнд нийт 14 удаагийн объектын гал түймэр гарч, Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид гал түймрийн аюулаас 12 иргэний амь нас, 2 барилга байгууламж, 3 өвөл зуны сууц, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 950 сая төгрөгийн өмч хөрөнгийг аварчээ.

Галын аюулгүй байдлын хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт, норм нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангаж ажиллааагүй зөрчил гаргасан 2 хуулийн этгээд, 4 иргэнд нийт 2,4 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна.

Дээрх гал түймэр нь пийшин зуухны галын аюулгүй байдал хангаагүй, цахилгаан ашиглалтын дүрэм зөрчсөнөөс гарчээ.

Иймд иргэдэд гэр орон сууцны цахилгаан хэрэгслийн аюулгүй байдлыг хангаж, ачааллыг хэтрүүлэхгүй байх, гэмтэлтэй цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх, гэрээс гарахдаа цахилгаан хэрэгслээ бүрэн салгасан эсэхээ заавал шалгаж байх, галын аюулгүй байдлын зай хэмжээг мөрдөж гэр, байшингийн ойрхон өвс, шатамхай материал хураахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, заавал харгалзах хүнтэйгээр гэртээ үлдээж, болзошгүй ахуйн осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Холбоотой мэдээ