Нийтийн гудамж, талбайг ариутгаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-03-16 13:32:39

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баруун-Урт сумын ЗДТГ, аймгийн Мал эмнэлгийн газартай хамтран нийтийн эзэмшлийн гудамж талбай, гэр хорооллын нүхэн жорлонд ариутгал хадваргүйтгэл хийж байна. Одоогоор Баруун-Урт сумын 73 өрхийн нүхэн жорлон, бохирын цооногийг ариутгажээ.

Монгол Улсад коронавирусний халдвар бүртгэгдсэн цагаас эхлэн аймаг, сумын хэмжээнд холбогдох арга хэмжээг шат дараатайгаар авч байна. Тус өвчин нь ахуйн замаар халдварлах эрсдэлтэй учир урьдчилан сэргийлэх, халдвар ариутгалын ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Эхний удаад төв замууд, гудамж талбай, хүн олноор цугладаг худалдааны төвүүд, гэр хорооллын гудамжуудыг ариутгаж байна. Мөн гэр хорооллын айд өрхүүдийн нүхэн жорлонг ариутгаж байгаа. Сумын хэжмээнд 400 гаруй айл өрх гэр хороололд амьдардаг. Энэ өрхүүдийн нүхэн жорлонг бүгдийг ариутгана гэвэл их хэмжээний зардал гарна. Тиймээс баг болгоноос тодорхой өрхүүдийг сонгож, ариутгалыг ингэж хийх ёстой гэдэг байдлаар харуулж байна. Цаашид бусад өрх сумын ЗДТГ-т хүсэлтээ өгснөөр мэргэжлийн байгууллага очиж ариутгалыг хийх болно гэж Баруун-Урт сумын Засаг дарга М.Идэрбат ярилаа.


Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан ил задгай хаясан хог хаягдал болон нүхэн жорлон, бохирын цооногт ариутгал сайн хийгээгүйгээс халдварт өвчний нян ихээр үрждэг байна. Тиймээс гэр хорооллын айл өрхүүд ариутгал халдваргүйтгэлийг зайлшгүй  хийлгэх шаардлагатай аж.

Холбоотой мэдээ