“Samsung”-ийн үйлдвэрт халдвар авсан долоо дахь тохиолдол бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-03-21 13:50:17

СӨҮЛ. /Yonhap/. "БНСУ-ын Умард Гёнсан мужийн Гүми хот дахь манай компанийн үйлдвэрийн ажилтнаас шинэ коронавирусний халдвар илэрсэн" гэж “Samsung” компани өнөө өглөө мэдээлжээ. Гэсэн хэдий ч уг үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа аж.


“Халдвар авсан ажилтан өнгөрсөн хоёрдугаар сарын 28-наас хойш өөрийгөө тусгаарласан. Гүми хотын ухаалаг гар утасны үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоохгүй” гэж тус компанийн төлөөлөгч мэдээлсэн байна. 


БНСУ-ын халдварын голомт болж буй Дэгү хотоос 50 орчим километр зайд оршдог Гүми хотын үйлдвэрт “COVID-19” халдварын тохиолдол бүртгэгдсэн талаар “Samsung” компани долоо дахь удаагаа мэдээлж буй нь энэ юм.


Гүми хот дахь үйлдвэрийн ажилтнуудаас халдвар илэрсэнтэй холбогдуулан Samsung” компани уг үйлдвэрийнхээ үйл ажиллагааг сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд хэд хэдэн удаа зогсоожээ. Тус компани дахин саатал үүсэхээс урьдчилан сэргийлэх үүднээс зарим ухаалаг гар утасныхаа үйлдвэрлэлийг Вьетнам руу шилжүүлэхээр энэ сарын эхээр шийдвэрлэсэн байна.


Үүний зэрэгцээ шинэ коронавирусний цар тахлын улмаас “Samsung” тэргүүтэй ухаалаг гар утас үйлдвэрлэгч компаниудын нийлүүлэлт энэ оны хоёрдугаар сард огцом буурчээ.


Strategy Analytics” фирмийн мэдээлснээр, дэлхийн ухаалаг гар утасны өнгөрсөн сарын нийлүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 38 хувиар багасаж, 61.8 сая ширхэгт хүрсэн нь ухаалаг гар утасны зах зээлийн түүхэнд байгаагүй хамгийн их бууралт болжээ.


Ташрамд дурдахад, БНСУ-д баасан гарагт коронавирусний халдварын 147 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 8799 болж, нийт 102 хүн нас барсан байна. 

Холбоотой мэдээ