Олон улсын ойн өдөр НҮБ-аас ширхэг мод бүрээ хайрлахыг уриалж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2020-03-21 14:06:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын ойн өдөр өнөөдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий ассемблейгаас жил бүрийн 3 дугаар сарын 21-ний өдрийг Олон улсын ойн өдөр болгон зарласан юм. Энэ өдөр ойн олон талт ач холбогдлыг олон нийтэд, нийгэмд ойлгуулан, сурталчлан таниулах зорилгоор дэлхий даяар тэмдэглэдэг. Энэ жил “Ой болон биологийн олон янз байдал” сэдвийн хүрээнд дэлхий нийтээр тэмдэглэж байна. 

Монгол Улс дахь НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд байгалийн нөөцийн менежмент, ялангуяа ойн нөөцийн тогтвортой байдлыг хангах, Биологийн олон янз байдлын тухай олон улсын конвенцын хүрээнд гарсан “Айчи”-ийн зорилтыг хангахад чиглэсэн хэд хэдэн төсөл, хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байна. 

Тухайлбал, НҮБ-ын Хүнс, ХАА-н байгууллага, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь ойн тогтвортой менежмент, биологийн олон янз байдлыг хамгаалах, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх REDD+ хөтөлбөрийг хэрэгжүүлж, ойн нөхөн сэргээлт, ойжуулалтыг дэмжин, ойн доройтлоос урьдчилан сэргийлэх зэрэг чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, БОАЖЯ-тай үр бүтээлтэйгээр хамтран ажиллаж байна.


Монгол Улс дахь НҮБ-аас өнөө болон ирээдүйн хойч үеийнхээ төлөө ширхэг мод бүрийг, түүнийг хүрээлэн буй амьд бичил организм бүрийг хайрлан, хамгаалах үйлсэд нэгдэхийг уриалж байна. Уриалгад, "Цаашид бид зорилгоо улам батжуулж, алдаж боломгүй үнэ цэнэтэй бүхэл бүтэн экосистем болсон ой болон биологийн олон янз байдлаа хадгалж үлдэх нь чухал юм" гэжээ. 

Тодруулга: Дэлхийн хуурай газрын 3-ны нэгийг эзлэх ой нь нийт ургамал, амьтан, шавж хорхойн төрөл зүйлийн амьд организмын 80 гаруй хувийнх нь амьдрах орчин болдог амин чухал үүрэгтэй экосистемийн нэг юм. Ой болон бусад эмзэг экосистемийг тогтвортой удирдаж, нөөцийг зөв ашиглах нь  уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх болон өнөө болон ирээдүй хойч үеийн хөгжлийг зөв чиглүүлэх үндэс болж байна. Түүнчлэн ой нь ядуурлыг бууруулах, Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй юм.

Монгол орны 13 сая га талбай бүхий ойн сан нь даян дэлхийн экосистемийн нэн чухал хэсэг бөгөөд олон төрлийн хөхтөн амьтан, жигүүртэн шувуу, хэвлээр явагч, хоёр нутагтан зэрэг амьтдын амьдрах орчин, нүүдэлч малчид, орон нутгийн иргэдийн орлого амьжиргааны эх үүсвэр, түлээ мод, өвс тэжээлийн нөөц болдог юм.


Ойг хамгаалах нь байгаль орчин, нийгэм, эдийн засгийн олон талт ач холбогдолтой учраас НҮБ нь Монгол Улсын Засгийн газартай ойн доройтлыг бууруулах, ойн тогтвортой менежментийг хөгжүүлэхэд хамтран ажилласаар байна. “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”, “Ногоон хөгжлийн бодлого”, “Биологийн олон янз байдлын үндэсний хөтөлбөр” зэрэг үндэсний хэмжээний баримт бичгүүдэд Монгол Улсын ойн салбарын бодлогыг тусгасан  байдаг. 

Сүүлийн 30 жилд Монгол Улсын Засгийн газар ойн санг хамгаалах олон улсын хүчин чармайлтад нэгдэж, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, ойн нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр олон үйл ажиллагаа авч хэрэгжүүлж байна. Мөн жил бүрийн 5 болон 10 дугаар сард бүх нийтийн мод тарих өдрийг санаачлан, тэмдэглэн өнгөрүүлдэг болсон нь ард иргэдийн зан үйл, хандлагыг өөрчлөхөд ихээхэн нөлөөлж байна.


Холбоотой мэдээ