Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгаж, зээлийн төлбөр хойшлуулсан долоо хоног

Монголын мэдээ | Тойм
ariunbold@montsame.mn
2020-03-22 12:27:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын улс төрд өнгөрч буй долоо хоногт өрнөсөн үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


Хөгжлийн банкнаас ноолуур худалдан авагчдыг бага хүүтэй зээлээр дэмжинэ


Ноос ноолуур, алтны салбарын үйлдвэрлэл, борлуулалт, валютын нөөцийг нэмэхэд тулгамдаж буй асуудлын гарц шийдлийг тодорхойлох зорилгоор УИХ-ын дарга Г.Занданшатар дээрх салбарын удирдлагуудыг энэ сарын 18-нд хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар, "COVID-19" халдварын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө их байна. Улс орнууд эдийн засгаа, үйлдвэрлэгчдээ, иргэдээ хамгаалах хямралаас арга хэмжээ авч эхэллээ. УИХ, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ч үүнд онцгой анхаарч байна. УИХ-ын Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны ажлын баг ажиллаж байна. Эдийн засгаа тогтвортой байлгах, улмаар идэвхжүүлэх нь нэн чухал зорилт боллоо. Энэ онцгой цаг үед ноос ноолуур, алтны салбарын үйлдвэрлэл төсвийн орлого, санхүүгийн тогтвортой байдал, эдийн засгаа дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Самнасан ноолуурын экспортоос 2-4 тэрбум ам.долларын орлого олох боломж бидэнд бий. Бусад түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр унаж уруудаж байхад алтны үнэ тасралтгүй өсөж, өнөөдрийн байдлаар унци нь 1528 ам.долларт хүрлээ" гэв.



Энэ жил 10 мянган тонн ноолуур бэлтгэх бөгөөд Хөгжлийн банкнаас бага хүүтэй зээл гаргаж, худалдан авагчдыг дэмжихээр төлөвлөж байгаа аж. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны ажлын баг судалгаа, дүгнэлт хийсний үндсэн дээр Засгийн газраас “Ноолуур” хөтөлбөрийг дэмжих юм. Хөгжлийн банкны санхүүжүүлэх зээлийн хэмжээ 300 тэрбум төгрөг, хүү нь 12 хувь. Үүнээс гурван хувийн хүүтэй зээлдүүлж, зөрүү есөн хувийг татаас хэлбэрээр шийдвэрлэхээр яригдаж буй юм. Энэхүү зээлийг зөвхөн ноолуур худалдан авахад зориулах, ноолуурын үнийг унагахгүй, өнгөрсөн жилийн түвшинд хадгалах, малчдаа дэмжих, орлогыг нэмэхэд зарцуулах бөгөөд үүнд хатуу хяналт тавих нь чухал гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар нар санууллаа.


Алтны салбарын хувьд үйлдвэрлэгчдээ дэмжих бодлогыг УУХҮЯ хэрэгжүүлж буй шинээр олборлолт эрхлэх 66 төсөл бэлэн байгаа аж. Гэвч тусгай зөвшөөрөл олгох, хөрөнгө оруулалт, санхүүжилтээр дэмжих асуудал төвөгтэй байгааг тус яамны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Мөнхтөр хэллээ. Нийтдээ 425 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа аж.


УИХ-ын дарга Г.Занданшатар “Эрдэнэс Монгол” компанийн охин компани болох “Эрдэнэс алт ресурс” компанийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, томоохон орд газар эзэмшүүлэх, МҮХАҮТ-тай хамтарч уул уурхайн салбарын шилдэг мэргэжилтнүүдээр бүрдсэн оператор ажиллуулах, ноолуурын үйлдвэрлэл, борлуулалтын чиглэлээр хувийн хэвшлийнхэн хувьцаа, бонд гаргахыг дэмжих, Малчдын корпорац байгуулах санаачилгыг бодит ажил хэрэг болгох чиглэл өглөө.


Монгол-Японы сургалтын эмнэлгийг хувьчлахгүй


Засгийн газрын энэ сарын 18-ны ээлжит хуралдаанаар, АШУҮИС-ийн дэргэдэх Монгол-Японы хамтарсан сургалтын эмнэлгийг БСШУСЯ-ны харьяанд шилжүүлж санхүүжилт, техник тоног төхөөрөмжийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэв. 



Тэрбээр, "Хэвлэл мэдээллээр, сүүлийн өдрүүдэд тус эмнэлгийг хувьчлах гэж байгаа гэх зэрэг буруу ташаа мэдээ гарсан. Ийм асуудал байхгүй. Өнөөдрөөс БСШУСЯ-нд албан ёсоор шилжиж байна. Маргаашаас ажлын баг гаргаж тухайн эмнэлэг дээр ажиллана. Сангийн яамнаас эмнэлэгт зарим дутагдалтай байгаа тоног төхөөрөмжийн асуудлыг Дэлхийн банкны 14 тэрбум төгрөгийн санхүүжилтээр шийдэхээр болсон. Өөр хүндрэлтэй асуудал байхгүй, цаашид энэ эмнэлэг хэвийн ажиллана" хэмээв. 


Өнөөдрийн байдлаар тус эмнэлэг дүрс оношилгоо, лаборатори, дуран, уламжлалт анагаах ухаан, амбулатори гэсэн хэсгээр ажиллаж байна. Япон улсын Засгийн газраас тус эмнэлгийг буцалтгүй тусламжаар байгуулаад зогсохгүй хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадал бүхий MRI, КТ зэрэг дүрс оношилгооны тоног төхөөрөмж, судсан дотуурх оношилгооны иж бүрдэл, лабораторийн бүрэн автомат анализатор зэргийг суурилуулсан юм.


Зээлийн төлбөрөө 90 хоногоор хойшлуулах боломжтой боллоо



Бизнесийн болон хэрэглээний зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг 90 хоногоор хойшлуулах эрх зүйн боломжийг нээсэн тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар энэ сарын 18-нд танилцуулав.


Дээрх шийдвэрийг энэ сарын 17-нд Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж гаргасан байна. Ингэхдээ Банкны активын ангиллын журам, Зохисгүй харилцааны журамд өөрчлөлт оруулснаар зээлийн нөхцөлийг хөнгөлөх, зөөллөх боломж байна гэж үзсэн талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлийн үеэр онцлов. Тэрбээр, “Шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих шийдвэр нэгдүгээр сарын сүүл үеэр гарсан. Үүнээс хойш хугацаанд банкуудад зээл төлж байгаа иргэдэд ямар хүндрэл гарч байгааг судалж байна. Гэхдээ эхний ээлжинд зээлдэгч 90 хоногийн хугацаанд үндсэн өр, зээлийн хүүг төлөхгүй байхаар журамд өөрчлөлт оруулж зохицууллаа” хэмээв. Ингэснээр зээлдэгчийн үндсэн зээл гурван сараар сунгагдах ч энэ хугацаанд ямар нэгэн хүү төлөхгүй юм.


Энэхүү журмын өөрчлөлт нь ББСБ, Хадгаламж зээлийн хоршоодод ижилхэн үйлчлэх юм. Санхүүгийн сахилга бат алдаж зээлийн төлөх хугацааг хэтрүүлсэн бол тухайн зээлдэгчийн ангилал буурч зээлийн мэдээллийн сангийн хар жагсаалтад ордог. Тэгвэл онцгой дэглэм тогтоосноос хойших зургаан сарын хугацаанд зээлийн ангилалд өөрчлөлт оруулахгүй байхаар журамд тусгажээ.


Зээлийг гэрээгээр зохицуулдаг тул ААН-үүд арилжааны банктайгаа гэрээгээ шинэчлэн шинэ бүтцэд шилжүүлэх боломжтой. Харин хэрэглээний зээл тоон үзүүлэлтээр нийт зээлийн 90 хувийг эзэлж байгаа тул цахим хэлбэрээр гэрээг шинэчлэх зохицуулалтыг хэрэгжүүлэхийг банкуудад зөвлөсөн байна. Зээлээ төлөх боломжтой иргэн, ААН-үүд эргэн төлөлтөө хуваарийн дагуу хийж болно гэдгийг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан онцоллоо.


Банкуудад зээлийн эргэн төлөлтийн орлого төвлөрөхгүй байснаар алдагдал хүлээх эрсдэлтэй тул банкуудад байгаа барьцаа хөрөнгийг үндэслэн Монголбанкнаас бодлогын хүүний хэмжээнд эх үүсвэр олгох боломжтойг онцлов.


Шатахууны үнийг 200 хүртэл төгрөгөөр үе шаттай буулгана


Засгийн газрын энэ сарын 19-ний ээлжит бус хуралдаанаар, шатахуун жижиглэнгээр борлуулах үнийг литр тутамд 50 төгрөгөөр, цаашид дэлхийн зах зээлийн ханштай уялдуулан 200 хүртэл төгрөгөөр үе шаттай багасгах чиглэл өгсөн тухай УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар мэдээлэв. 



Шинэ коронавирусний халдвар дэлхийн улс орнуудад тархсантай холбоотой олон улсын зах зээлд биржийн ханш унасан. Ингэснээр нэг баррель газрын тос оны өмнө 64-65 ам.доллар байсан бол нэгдүгээр сараас хойш ханш унасаар өчигдрийн байдлаар 28-22 ам.доллар болж буурчээ. Тиймээс эхний ээлжинд өнөөдрөөс шатахууны жижиглэнгийн үнийг 50-100 төгрөгөөр бууруулж байгаа аж. Цаашид УУХҮЯ, АМГТГ болон шатахуун импортлогч ААН-үүд хамтран шатахууны жижиглэнгийн үнийг дөрөвдүгээр сарын 15-ныг гэхэд литр тутамд нь 200 төгрөг хүртэл багасгахаар ажиллаж байгааг УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар мэдээлэлдээ онцоллоо. Тэрбээр, “Газрын тосны үнэ зах зээлийнхээ хамгийн доод ханшдаа хүрсэн. 1978 онд 18 ам.доллар байсан бол 2001 онд АНУ-ын ихэр цамхаг халдлагад өртсөний дараа 22-23 ам.доллар болж буурсан. Шатахуун нь ханш өөрчлөгдсөнөөс сарын өмнө импортлогддог. Тиймээс сарын дараах үнэ литр тутамд 200 хүртэл төгрөгөөр буурна” хэмээв.


УУХҮЯ, АМГТГ шатахууны импортлогч ААН-үүдтэй хамтран газрын тосны үнэ түүхэн дэх хамгийн бага үедээ байхад боломжит байдлаар нөөцлөхөөр ажиллаж байгааг мэдээллийн үеэр онцоллоо.


Ч.Улаан: Ноолуурын үйлдвэрлэлд 300 тэрбум төгрөгийн зээл олгоно


Засгийн газрын энэ сарын 19-ний ээлжит бус хуралдаанаар, Ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолыг баталсан тухай ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлэв. 



Тус тогтоолын хүрээнд хэд хэдэн цогц арга хэмжээг авч экспортод гаргах ноолуурын 50 хүртэлх хувийг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болгох зорилт тавьсныг мэдээллийн эхэнд онцоллоо. Тэрбээр, “Ноолуур бол манай улсын стратегийн чухал бүтээгдэхүүн. Манай улс өнгөрсөн оны эцэст 70.9 сая толгой мал тоолуулсан. Сүргийн бүтцээс харвал 10.2 мянган тонн ноолуур авах бололцоо байна. Шинэ коронавирус дэлхийн улс орнуудад тархсантай холбогдуулан ноолуурын салбарт эрсдэл гарч мэднэ. Тиймээс ноолуурын салбарын ид ажиллах үед төрөөс дэмжих нь зүйтэй гэж үзсэн” хэмээв. 


Дээрх тогтоолын хүрээнд ноолуур бэлтгэхэд зориулж үндэсний үйлдвэрүүдэд Хөгжлийн банкнаас 300 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэр олгох юм. Үүнээс гадна ноолуурын нөөц бэлтгэхэд нэмэгдэл 200 тэрбум төгрөгийн эх үүсвэр шийдвэрлэхээр болжээ. Зээл олгохдоо ААН-үүдэд жилийн 3-5 хүүтэй олгох аж. Урьд жилүүдэд Хөгжлийн банкнаас 10-12 хувийн хүүтэй зээл олгож байжээ. Өөрөөр хэлбэл төрөөс 30 тэрбум төгрөгийн хүүг хөнгөлж байгааг Сайд Ч.Улаан мэдээллийн үеэр тэмдэглэв. Түүнчлэн малчдаас худалдан авах ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөс бууруулахгүй гэж мэдэгдэв.


Манай улс нийт ноолуурын 25 хувийг эцсийн бүтээгдэхүүн болгон экспортод гаргадаг бол 65 орчим хувийг нь түүхийгээр нь дэлхийн зах зээлд нийлүүлдэг байна.


“COVID-19”-ийн эрсдэлээс сэргийлэх төрийн ээлжит шийдвэр



Улсын онцгой коммисс энэ сарын 20-нд хуралдаж, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг дөдөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгахаар шийдвэрлэжээ. 


Энэ талаар УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин,  “БНХАУ халдварын тархалтыг хяналтдаа авсан ч Европын улс орнуудад байдал амаргүй болж байна. Хэдхэн жишээ хэлэхэд, Итали улсад өчигдөр 5862, АНУ-д 4825 хүн өвчилжээ. АНУ-д энэ сарын 12-нд 1200 хүн “COVID-19”-өөр өвчилсөн байсан бол өнөөдөр 13 мянга 350 боллоо. Манай хойд хөрш ОХУ-д тархалт эрчимтэй нэмэгдэж 250 гаруй хүн өвчилсөн. Саяхныг хүртэл өвчлөл бүртгэгдээгүй байсан Казахстан улсад 44 хүн өвчилжээ. Тиймээс Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчилсэн байдлаар шилжсэн, бүх шатны боловсролын байгууллагын сургалтыг түр зогсоосон, Олон улсын хуваарьт нислэг, галт тэргний хөдөлгөөнийг зогсоосон хугацааг тус тус дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгах тухай шийдвэр гаргалаа. Шийдвэрийг Засгийн газарт танилцуулна” гэлээ. 


Мөн хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагын сургалтыг түр зогсоосон хугацааг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгах шийдвэр гаргасан тухай БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэв.


Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор, бүх шатны боловсролын байгууллагын сургалтыг нэгдүгээр сарын 27-ноос зогсоож хөл хорионы байдалд шилжсэн. Үүнээс хойш сургалтын 1140 цагийн хичээлийг 18 телевизээр 180 гаруй багш ажиллаж нэвтрүүлжээ. Бүх шатны сургалт дөрөвдүгээр сарын 30-ны пүрэв гарагт эхэлж ням гараг хүртэл хичээллэх аж. Үүнээс хойш бямба гарагуудад нэмж хичээллэх юм байна. Бага анги зургаадугаар сарын 6, дунд, ахлах анги зургаадугаар сарын 13-ныг дуустал хичээллэх бөгөөд цэцэрлэг тавдугаар сарын 31 хүртэл ажиллана гэдгийг мэдээлэлдээ тэмдэглэв. 


Сургалт зургаадугаар сарын 15-нд бүрэн зогсож, намар наймдугаар сарын 15-ны даваа гарагаас эхлэхээр төлөвлөжээ. Ингэснээр, ЕБС-ийн багш нар зургаадугаар сарын 15-наас наймдугаар сарын 14 хүртэл амралтын 48 хоногоо бүрэн эдлэх юм. Харин ЭЕШ-ийг долоодугаар сарын 2-5-нд зохион байгуулж, их дээд сургуулийн элсэлт долоодугаар сарын 7,8-нд үргэлжлэх юм байна.


Энэ оны эхний хагас жилд болох соёл урлагийн тоглолт, олон улсын болон улсын аварга шалгаруулах тэмцээнийг хорьсон ч олимпод бэлтгэх шигшээ багийг тусгай орчинд, онцгой горимоор бэлтгэл хангуулахаар болжээ. Харин шинжлэх ухааны байгууллагууд нэгдсэн хурал, сургалт, семинар зохион байгуулахгүй ч эрдэм шинжилгээний ажлаа үргэлжлүүлэх юм. Энэхүү зохицуулалт нь дөрөвдүгээр сард халдварын нөхцөл байдал багассан үед хэрэгжүүлэх төлөвлөгөө бөгөөд цаашид шийдвэр өөрчлөгдөж болно гэдгийг тодотгов.


Улсын онцгой комиссоос олон улсын хуваарьт нислэг, галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоосон хугацааг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгах шийдвэрийг мөн гаргасан юм. Тодруулбал, БНХАУ, БНСУ, БНКазУ, ОХУ болон Европын улс руу хийх нислэгийг зогсоосон хугацаа үргэлжлэхээр болжээ. Мөн БНХАУ-ын Эрээн, Хөххот, Бээжин, ОХУ-ын Эрхүү, Москва, чиглэлийн олон улсын хуваарьт галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоосон шийдвэрийг дээрх хугацаагаар сунгаж байна. Харин орон нутгийн агаарын болон төмөр замын тээвэр хэвийн үргэлжлэх бөгөөд ариутгал, халдваргүйтгэлийн арга хэмжээг авч ажиллаж байгааг ЗТХ-ийн сайд мэдээлэлдээ онцлов. 



ОХУ-ын Алтанбулаг, Цагааннуур боомтоор дамжин өнгөрөх болон Монгол Улсад бараа бүтээгдэхүүн импортлох тээвэр хэвийн үргэлжилнэ. Ингэхдээ тээврийн хэрэгслийг хилээр орохоос гарах хүртэл цагдаагийн тусгай хамгаалалтад авч, монгол иргэдтэй харилцахаас сэргийлж байна.


Хилийн чанадад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ татан авах тусгай нислэгийг 14 хоногоор зогсоож байгааг мэдэгдэв. Тэрбээр, “Гадаадад эмчилгээнд явсан, нялх хүүхэдтэй, өндөр настай, жирэмсэн зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай зайлшгүй авах шаардлагатай 1024 иргэнээ татан авсан. Ирсэн иргэдээ тусгаарлан хянаж дуусаад дараагийн чартер нислэгийг үргэлжлүүлэх асуудлыг УОК-т дахин оруулна” хэмээв.


Монгол Улсын Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу Ухань хотоос нэгдүгээр сарын 31-нд 31 оюутан, энэ сарын 15-18-нд Сөүл хотоос 244, Токио хотоос 256, Берлин, Москва хотоос 231, Истанбул хотоос 252 иргэнээ тусгай үүргийн нислэгээр татан авч, тусгаарлаад байна. Гадаадаас ирэх монгол иргэдийг агаарын замын Буянт-Ухаа, авто замын Хиагт-Алтанбулаг, БНХАУ-ын Замын-Үүд боомтоор нэвтрүүлэхийг ХХЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Бямбасүрэн мэдээллийн төгсгөлд онцоллоо.  

Холбоотой мэдээ