Ажиглалтад байгаа 196 иргэний биеийн байдал хэвийн байна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-03-23 14:35:01

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ОБГ-ын орлогч дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга Б.Ганхүү 3 дугаар сарын 23-ны өдрийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө.

Сэлэнгэ аймагт ажиглалтад байгаа 196 иргэний биеийн байдал хэвийн, ямар нэг өөрчлөлтгүй байна. Тусгаарлан ажиглалтад байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор долоон цэгт Цагдаа, Онцгой, Эрүүл мэнд, Хилийн цэргийн анги байгууллагын алба хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэж, хяналт тавин ажиллаж байна. Алтанбулаг боомтоор орж ирж байгаа иргэдийг Орхон, Дархан-Уул аймагт ажиглалтад шилжүүлэх ажлыг аймгийн Онцгой комиссоос зохион байгуулж байна. 2020 оны 3 дугаар 22-ны өдөр 71 иргэнийг, 3 дугаар сарын 23-ны өдөр 37, сэжигтэй гурав нийт 108 иргэнийг Алтанбулаг сумын чөлөөт бүсийн дамжин өнгөрөх А байранд түр хязгаарлан цагдаагийн хамгаалалт авч, Дархан-Уул аймаг руу 27, Орхон аймаг руу 81 иргэнийг шилжүүлжээ.

Улсын Онцгой комиссын хуралдааны шийдвэрийн дагуу 03 дугаар сарын 18-ны өдрөөс ОХУ-аас Алтанбулаг хилийн боомтоор орж ирсэн том оврын олон улсын ачааны 75 автоамшины хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган Орхон, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгч ажиллаж байна.

Мөн Алтанбулагийн боомтоор орж ирэх иргэдийг 3 дугаар сарын 28-ны өдрийн 06 цаг хүртэл хүлээн авч, үүнээс хойш хаах шийдвэрийг гаргалаа. 

Холбоотой мэдээ