Умард Солонгосын пуужингийн туршилт амжилтгүй болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-04-29 11:24:11

ВАШИНГТОН. /TASS/. Умард Солонгос пүрэв гарагт дунд тусгалын "Мусудан" ангиллын баллистик пуужингууд туршсан нь амжилтгүй болсон гэсэн дүгнэлтийг АНУ-ын эрх баригчид хийжээ. Энэ тухай тус улсын Зэвсэгт хүчний Стратегийн командлалын /СТРАТКОМ/ албан ёсны төлөөлөгч Мартин О'Доннелл мэдээлжээ.

Түүний хэлснээр, СТРАТКОМ-ийн мэргэжилтнүүд нэмэлт дүн шинжилгээ хийсний эцэст дунд тусгалын "Мусудан" баллистик пуужингуудыг харвах оролдлогыг Вонсан боомт хотоос хийсэн бөгөөд энэ нь амжилтгүй болсон гэдэг дүгнэлтэд хүрсэн байна.

Стратегийн командлалын өмнө нь мэдэгдэж байснаар, Умард Солонгос пүрэв гарагт хоёр пуужин харважээ. Пуужингууд Хойд Америкийн хувьд аюул учруулахгүй гэж СТРАТКОМ үзэж байна.

Түүний сацуу, Умард Солонгосын "Мусудан" пуужингийн туршилт амжилтгүй болсон гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам мөн үзжээ.

"Мусудан" ангиллын пуужин нь 2500-4000 км –ын тусгалтай гэж таамаглаж байгаа юм.              

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ