“Сибирийн хүч-2” төслийн судалгааны ажлыг эхлүүлэхийг зөвшөөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-03-28 12:24:36

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, зураг төсөл, судалгааны ажлыг эхлүүлэхийг зөвшөөрчээ. Энэ тухай тэрбээр “Газпром”-ын тэргүүн Алексей Миллертэй уулзах үеэрээ мэдэгдсэн байна.


“Техник эдийн засгийн урьдчилсан дүн шинжилгээ нь эдийн засгийн хувьд үр ашигтай эерэг үнэлгээг харуулсан тухай “Газпром”-ын тэргүүн мэдэгдсэн байна. Энэхүү хийн нийлүүлэлт нь БНХАУ-ын баруун хэсгийн зах зээлд чиглэгдэхийг Миллер цохон тэмдэглэжээ.


Компани Зүүн Сибирийн хийн тээврийн хүчин чадлыг Оросын Европын хэсэг дэх хийн хоолойтой нэгтгэх асуудалтай тулгараад байгааг А.Миллер цохон тэмдэглэжээ. Ингэх нь аль аль чиглэлд хийн нийлүүлэлтийг хангаж, Оросын бүс нутгуудад хийн хангамжийн найдвартай байдлыг улам нэмэгдүүлэхийг тэрбээр онцолсон байна.

 

Монголоор дайруулан БНХАУ руу хий дамжуулах “Сибирийн хүч-2” хоолой нь жилд 50 тэрбум шоо метр хий зөөвөрлөх хүчин чадалтай гэж “Газпром” компани үнэлж байна. Өмнө нь жилд 30 тэрбум шоо метр хий зөөвөрлөх боломжтой гэж үзэж байсан юм.  


Хий дамжуулах хоолойн тухайд

Зүүн Сибирийн орд газраас "баруун маршрутаар" БНХАУ руу хий дамжуулах үндсэн нөхцөлүүдийн тухай гэрээг “Газпром болон Хятадын үндэсний нефть-хийн корпораци /CNPC/ 2015 онд байгуулжээ. Эхлээд Хятад жилд 30  тэрбум шоо мет хий нийлүүлэх боломжтой гэж харж байжээ.


Алтайн хязгаараар дамжуулан Оросоос Хятад руу хийн хоолой тавих өөр нэгэн хувилбар нь Монголоор дайруулан Хятад руу хий нийлүүлэх явдал юм. Төслийг хэрэгжүүлэх асуудлыг хэдэн жилийн турш хэлэлцэж байсан хэдий ч өнөөг хүртэл хэрэгжээгүй юм. 2019 оны 12 дугаар сард анх удаа “зүүн маршрутаар” буюу “Сибирийн хүч” хий дамжуулах хоолойгоор ОХУ-ын байгалийн хийг БНХАУ-д нийлүүлж эхэлсэн байна.  

Холбоотой мэдээ