Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ онд 2 хувь байна гэж таамаглажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ оны Азийн эдийн засгийн шинэчилсэн тоймыг АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газраас өнөөдөр танилцууллаа. Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2020 онд 2.1 хувь болж огцом буурч 2021 онд 4.6 хувь болж өснө гэж эдийн засагчид үзэж байна.
АХБ-наас 2019 оны 9 дүгээр сард танилцуулсан тайлангаар, 2020 онд Монгол Улсын эдийн засаг 6.1 хувийн өсөлттэй байна гэсэн таамгийг дэвшүүлж байсан юм.
"Энэ онд Монгол Улсын экспорт, импорт буурах, үнэ буурах эрсдэл байна. Гадаад худалдааны эргэлт 12 хувиар буурна гэж таамаглаж байна. Үүний 3 хувь нь нүүрсний эрэлтээс үүдэлтэй. Энэ онд байдал өмнөх оноос эрс муудаж, гадаад санхүүжилтийн дутагдалд орохоор байна" гэж АХБ-ны Суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч С.Болд онцлов.
Улсын төсвийн орлого буурч цаашлаад тасалдах аюултай учир зардлыг ач холбогдлоор нь эрэмбэлэх, оновчтой зарцуулах хэрэгтэйг эдийн засагчид зөвлөж байна. 2019 онд алгуур өсөж 7.3 хувь байсан инфляци энэ онд саарч, 2021 онд Төв банкны зорилтот түвшин болох 8 хувь байна гэв.
Азийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт 2020 онд "COVID-19" цар тахалтай холбоотой огцом буурч, 2021 онд огцом сэргэх төлөвтэй байна.
Тайланд дурдсанаар, 2020 онд бүс нутгийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь байх бөгөөд энэ нь 2019 оны 9 сард АХБ-ны хийсэн 5.5 хувийн эдийн засгийн өсөлтийн таамагтай харьцуулахад 3.3 пунктээр буурсан үзүүлэлт юм. Цар тахлын тархалтыг зогсоон, эдийн засгийн үйл ажиллагааг хэвийн болгосноор Азийн эдийн засгийн өсөлт 2021 онд 6.2 хувь хүртэл сэргэх төлөвтэй байгааг тайланд онцолжээ.
Шинээр үйлдвэржсэн орнуудын (Хонконг, БНСУ, Сингапур, Тайвань) эдийн засгийг эс тооцвол Азийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт 2019 онд 5.7 хувьтай байсан нь энэ онд 2.4 хувь болж буурах төлөвтэй байгаа бол 2021 онд 6.7 хувь болж өснө гэж тус банкны эдийн засагчид тооцоолж байна.