Токиогоос ирсэн иргэдийн шинжилгээний хариу өнөө орой гарна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
nandintsetseg@montsame.gov.mn
2020-04-04 11:21:38
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өчигдөр Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирсэн хоёр сэжигтэй тохиолдол, 64 хүнийг ХӨСҮТ-д, бусад хүмүүсийг Цэргийн төв эмнэлэг, Жаргалант, Токио Инн зочид буудалд тусгаарлаад байна. ХӨСҮТ-д тусгаарлагдсан хүмүүсийн шинжилгээний хариу өнөөдөр гарна гэдгийг  ХӨСҮТ-ийн захирал хэллээ.


ХӨСҮТ лабораторийн шинэ аппараттай болсноор шинжилгээг их хэмжээгээр, богино хугацаанд хийх боломжтой болжээ. Тус аппарат дөрвөн цагийн дотор шинжилгээний хариуг өгдөг байна. 


ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: "Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 264 хүн ажиглалтад байна. Тэдгээрийн дотор Сөүл, Токиогоос ирсэн 104 хүн байна. Халдвартай бүс нутгаас Токиогоор дамжин ирсэн 64 хүнийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарлаж шинжилгээ авсан, хариу нь өнөө орой гарна. Хамгийн сэжигтэй гэж үзсэн хүмүүсийг ХӨСҮТ-д тусгаарлаж байгаа. Сөүлээс ирсэн 37 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Мөн тандалтын зорилгоор улсын хэмжээнд уушгины хатгалгаагаар өвчилсөн 27 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй" гэв.


Манай улсад "COVID-19"-ийн лабораториар батлагдсан 14 тохиолдол бүртгэгдсэнээс 12 нь ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа бол эдгэрсэн 2 хүнийг тусгаарлах байранд шилжүүлэн хянаж байна.  Өвчтөнүүдийн биеийн байдал сайн байна.


"COVID-19" халдварт өвчин дэлхийн 208 оронд бүртгэгдэж, Европ, Хойд Америк тив халдварт өвчний голомт болж байгааг  байгааг ЭМЯ-наас мэдээллээ. Хамгийн их өвчлөлтэй орны тоонд АНУ, Итали, Испани, Герман, Франц орж байна. Сүүлийн 24 цагт АНУ-д халдвар 12 хувиар, Италид 4 хувиар, Испани, Герман, Франц улсад тус тус 8 хувиар нэмэгджээ. 


Холбоотой мэдээ