Хүн амын хөдөлгөөн 70-80 хувиар буурвал халдвар тархах эрсдэл багасна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-04-09 12:06:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон улсад өчигдөр шинээр 500 гаруй хүн коронавирусээр халдварласнаас 144 нь Токио хотод бүртгэгджээ. Тус улсын Ерөнхий сайд Абэ Шинзо олон нийтийн хөдөлгөөнийг 70-80 хувиар бууруулж чадвал хагас сарын хугацаанд халдвар буурна гэж мэдэгдсэнийг ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэлдээ тэмдэглэв.

Тэрбээр ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллийн үеэр дэлхийн улс орнууд шинэ коронавирусний халдварын тархалтыг хумихаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулсан юм.


Өнөөдрийн байдлаар “COVID-19” халдвар 212 улс орон, бүс нутагт бүртгэгджээ. Дэлхийн хэмжээнд 1.5 сая хүн шинэ төрлийн коронавирусээр халдварлан 88 405 хүн нас барж 339 731 хүн эдгэрчээ.


АНУ, Итали, Испани зэрэг улсад халдвар эрчимтэй тархсан хэвээр байна.

БНХАУ-д халдвар зөөвөрлөгдөн орж ирсэн 61 тохиолдол бүртгэгджээ.

Япон улсын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд хүн олноор цугларсан газарт очихгүй байх, агаарын солилцоо муу газарт очихгүй байх, хүнтэй ойрын зайнаас ярилцахгүй байх гэсэн гурван зөвлөмжийг тогтмол өгч байна.

Их Британид өчигдөр 938 нас баралт бүртгэгдэж, нас баралтын тоо долоон мянга давжээ.

Францын Засгийн газар энэ сарын 15-ныг хүртэл тогтоосон хөл хорионы дэглэмээ цуцлахгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Турк улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 4 117 хүн “COVID-19 халдвар авч, 87 хүн нас барж, нийт 812 хүн нас баржээ.

Перу улс хөл хорионы хугацаагаа сунгаж, Этиоп улсад онцгой байдал зарласан байна.

Этиоп улсад 55 хүн халдвар авч, 2 хүн нас баржээ.

 

Холбоотой мэдээ