МАН ЭМС-ын сайд, АТГ-ын даргыг яаралтай томилохыг шаардана

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-05-02 14:13:37

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаасаа Эрүүл мэнд, спортын сайд, АТГ-ын даргыг нэн яаралтай томилох шаардлага хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, "УИХ-ын сонгууль зургадугаар сарын 29-нд болно. Үүнээс өмнө хуульд заасан бэлтгэл ажлыг хийх ёстой. Монголчууд дөрвөн жилд нэг удаа төр барих эрхээ эдэлдэг. Эрхээ эдэлж, саналаа өгч, цэвэр, шударга, тунгалаг төрөө байгуулах ажил цаг хугацаандаа явах ёстой. Сонгуультай холбоотой гарсан цэцийн дүгнэлтээс болж хуульд заасан төлөвлөгөөт ажлууд хойшлогдож байна. Тухайлбал, энэ долоо хоногт намууд нэр дэвшигчдээ тодруулах ёстой. Тиймээс цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэхээ шийдэж, шаардлагатай бол Сонгуулийн тухай хуульд холбогдох өөрчлөлтийг хийж, сонгуулийг цаг хугацаанд нь шударга, ил тод, олон нийтэд нээлттэй явуулах ёстой гэдэг дээр бүлгийн гишүүд байр сууриа илэрхийлсэн. Энэ асуудлаар шахаж шаардаж ажиллана" гэв.

УИХ-ын гишүүн О.Содбилэг "Засгийн газар Эрүүл мэнд, спортын сайдыг томилолгүй хагас боллоо. МАН-ын бүлгээс ЭМС-ын сайдыг томилохыг удаа дараа шаардаж ирсэн. Өнгөрсөн гуравдугаар сард МАН-ын бүлгийн гишүүд ХӨСҮТ-д ажиллаж, тулгамдсан асуудлыг яаралтай шийдэх шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлсэн. Мөн АТГ-ын даргыг яаралтай томилох ёстой гэж МАН-ын бүлэг үзлээ. Сонгууль дөхсөн үед хууль хүчний байгууллагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ, улс төрөөс ангид, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах үүднээс шаардлага хүргүүлж байна" гэлээ.

Засгийн газраас өргөн барьсан Газрын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг судлах ажлын хэсэг байгуулсан байна. Энэ тухайд бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр "Хаврын тариалалт эхэлж буй энэ үед тариаланчдад санхүүгийн дэмжлэг чухал. Тариаланчид банкнаас зээл авах гэхээр барьцаа хөрөнгөнд тавьдаг шалгуурыг давахад хүндрэлтэй байдаг. Энэ асуудлыг зохицуулах нэрийн дор тариалангийн газраа барьцаалж банкнаас зээл авах зохицуулалтыг Газрын тухай хуульд оруулах төслийг Засгийн газар оруулж ирсэн. Газрын тухай хуулиар газар эзэмших эрхээ барьцаалах эрх зүйн орчин нээлттэй. Гэтэл өргөн барьсан нэмэлт өөрчлөлтөд давуу эрх гэсэн зөрчилтэй ойлголтыг тусгасан байна. Давуу эрхийг юу гэж ойлгох вэ гэдгийг хууль эрх зүйн хүрээнд судалж үзэх ёстой. МАН-ын бүлэг тариаланчдаа дэмжиж байгаа. Засгийн газар, Монголбанк Үнэ тогтворжуулах хөтөлбөрт 3.8 их наяд төгрөг зарцуулсан ч амжилттай хэрэгжээгүй. Хөтөлбөрт зарцуулсан хөрөнгийн эргэн төлөлт ямар байгаа, энэ мөнгөн эх үүсвэрээс тариаланчдад санхүүгийн дэмжлэг үзүүлж болох эсэх асуудлыг судлах зорилгоор ажлын хэсэг байгуулсан" гэв.

Б.Туул

 

Холбоотой мэдээ