УИХ-ын дарга Г.Занданшатар олон улсын “Виртуал парламент” цахим хэлэлцүүлэгт оролцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-04-09 15:32:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Д.Бадамдаш нар “Global Partners Governаnсе” олон улсын байгууллагаас зохион байгуулсан “Виртуал парламент” сэдэвт цахим хэлэлцүүлэгт энэ сарын 9-нд оролцлоо.


Цахим хэлэлцүүлэг Их Британийн цагаар 09 цаг 30 минут, Монголын цагаар 16 цаг 30 минутад эхэлсэн бөгөөд нийт 25 оролцогч дэлхийн өнцөг булан бүрээс оролцож, "COVID-19"-өөс сэргийлэх үүднээс парламентууд хэрхэн ажиллаж байгаа талаар ярилцаж, санал солилцсон байна.


Монгол Улсын Их Хурлын ээлжит чуулганыг анх удаа цахимаар нээснийг УИХ-ын дарга онцлов. Тэрбээр, "COVID-19" цар тахлын хэмжээнд хүрээд байгаа үед мэргэжлийн байгууллагуудаас өгч буй зөвлөмжийн хүрээнд УИХ-ын Тамгын газар цахим хуралдааны бэлтгэлийг бүрэн хангаж, чуулганы хуралдаан нийт таван танхимд, гишүүдээ 1.5-2 метрийн зайтай суулган хуралдаж байна. Үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд  нэмэлт, өөрчлөлтийг оруулах төслийг хэлэлцэж байгаа. Улс оронд онц байдал, дайн бүхий болон дайны байдал, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлд чуулганы нэгдсэн болон байнгын, дэд, түр хорооны хуралдааныг цахимаар зохион байгуулж, асуудлыг хэлэлцүүлэх зохицуулалтыг хуульчлахаар ажиллаж байна. Ингэхдээ өөрийн дотоод цахим хурлын программыг ашиглаж байхаар хөгжүүлэлт хийж эхэлсэн” хэмээв.


Уг цахим онлайн хэлэлцүүлгийн талаар Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Д.Бадамдашаас тодрууллаа.



-Коронавирусний тархалтаас сэргийлэх үүднээс бусад улсын парламентууд хэрхэн ажиллаж байна вэ?


-“Global Partners Governаnсе” олон улсын байгууллагаас зохион байгуулсан “Виртуал парламент” онлайн хэлэлцүүлэгт АНУ, Австрали, Филиппин, Англи, Йемен, Пакистан, Киргиз, Африк, Монголын төлөөлөгч оролцсон. Монгол Улс дахь Азийн сангийн Суурин төлөөлөгч Марк Кейнинг АНУ-аас оролцлоо. Үндсэн хууль болон парламентын дэг, шаардлагатай нөөц, боловсон хүчний хүрэлцээ, олон нийттэй харилцах, мэдээлэл түгээх стратеги, парламентын технологийн чадавх, бэлэн байдал гэсэн үндсэн асуудлын хүрээнд ярилцлаа. Бусад улсын парламент манайхтай адилаар цахим хурлын горимд шилжих, эсхүл гишүүд хуралдаандаа бүгд биечлэн оролцохгүйгээр бүлгийн даргаараа уламжлан саналаа илэрхийлэх зэргээр зохицуулж байна. Тухайлбал, Бундестагийн гишүүдийн дөрөвний нэг нь хуралдаанд оролцоход хангалттай гэж үзэж байх жишээтэй.


- Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг парламентаар хэлэлцэж байна. Энэ нэмэлт, өөрчлөлтийг хийхэд анхаарах шаардлагатай асуудлуудын талаар ярилцсан уу?


-“Global Partners Governаnсе”-ийн зөвлөхүүд Үндсэн хууль болон дэгийн хуулиудад өөрчлөлт оруулахдаа хэд хэдэн анхаарах шаардлагатай асуудлыг хөндсөн. Тухайлбал, Үндсэн хуулийн суурь зарчмаасаа гажихаас сэргийлэх юм. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Засгийн газарт эрх мэдэл төвлөрөх хандлагатай байна. Жишээлбэл, "Англид коронавирус -2020" хуулийг баталж, Засгийн газрын эрх мэдлийг нэмсэн. Урьдчилж тооцоолох боломжгүй олон эрсдэл үүсэх магадлалтай учраас харилцан хяналт-тэнцлийн зарчмыг хангах үүднээс парламентаас Засгийн газарт тавих хяналтаа сулруулж болохгүй. Эрх мэдлийг Засгийн газарт төвлөрүүлэх явцад хүний эрхийг зөрчих асуудал гаргахаас урьдчилан сэргийлэх ёстой. Мөн бүх үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгаж, үр ашигтай шийдвэр гаргаж, нийгмийн бүхий л давхаргын тэгш байдлыг хангахад анхаарахыг сануулж байна. Түүнчлэн парламент дотроо олонх, цөөнхийн төлөөллийн тэгш байдлыг хангах, парламентын гишүүд нэгнийгээ онлайнаар дайрч, дарамтлах, үүнээс үүдэн хуурамч мэдээлэл түгэх зэрэг эрсдэл үүсэхээс сэргийлэхэд гишүүд өөрсдөө болон Тамгын газар хариуцлагатай ажиллах хэрэгтэй болж байна. Мөн цахим хурал зохион байгуулах нөөц, дэд бүтцийн асуудлыг хөндөж ярилцлаа. Интернэтийн хурд, компьютер, техник хангамжийн хүрэлцээ, санхүүгийн зардал, мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн технологийн ажилтны хүрэлцээ зэрэг асуудал улс орон бүрт харилцан адилгүй. Гэхдээ шийдэх ёстой асуудлын нэг болж байна. Цахим парламентын үйл ажиллагаа урт хугацааны шийдэл үү, богино хугацаанд буюу үүссэн нөхцөл байдалд л хэрэгжих үү гэдгээс шалтгаалаад зохицуулалтууд хийх шаардлагатай. Иргэд, олон нийтийг үнэн бодит мэдээллээр шуурхай хангах асуудал ч чухлаар хөндөгдөнө. Олон нийттэй харилцах үйл ажиллагааг идэвхтэй явуулж, олон сувгаар мэдээллийг түгээх хэрэгцээ гарч байна. Мэдээж энгийн үеийн мэдээлэл түгээх байдлыг гүйцэхгүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд, зорилтот бүлэгт мэдээлэл хүргэх стратеги чухал. Телевиз, радио, сонин, сайтаас гадна нийгмийн сүлжээг ашиглах хэрэгтэй. Ингэхдээ мэдээллийг сабтайтл бичиг, дохионы хэлмэрчтэй хүргэх зэрэг олон асуудал байна.


-Парламентууд хоорондоо туршлага солилцох боломж ямар байна вэ?


-Парламент ардчилал, хүний эрхийг хангах чухал институт. Иймд парламентууд хоорондын уялдаа, хамтын ажиллагаа, шуурхай мэдээлэл солилцох нь эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд маш чухал. ОУПХ энэ тал дээр идэвхтэй ажиллаж байна. Энэ удаагийн виртуал хэлэлцүүлэг ч туршлага, мэдээлэл солилцож байгаа хэлбэр юм.


-“Global Partners Governаnсе” олон улсын байгууллагын талаар мэдээлэл өгнө үү?


-Английн Лондон хотод төвтэй энэ байгууллага дэлхийн 30 гаруй оронд улс төрийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэхэд зөвлөх үйлчилгээ хүргэдэг. Төв болон бүс нутгийн төр засгийн байгууллагуудад ажиллаж байсан туршлагатай олон улсын зөвлөхтэй. Улс төрийн бүтэц, үйл явц хүний үйл ажиллагаанаас шууд хамааралтай учраас хувь хүнд чиглэсэн үйл ажиллагааг түлхүү явуулдаг.

Холбоотой мэдээ