БНСУ-ын парламентын сонгууль эхэлжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-04-10 12:23:19

СӨҮЛ. /TASS/. БНСУ-ын Үндэсний их хурал буюу парламентын хугацаанаас өмнөх сонгууль өнөөдөр эхэллээ. Тус улсын Сонгуулийн төв хорооноос /СТХ/ мэдээлснээр, дөрөвдүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд  өглөөний зургаан цагаас оройн зургаан цаг хүртэл орон даяар санал авах 3 508 байр ажиллана.


Шинэ коронавирусний халдвар дэгдээд буй үед Өмнөд Солонгосын СТХ-ны гол ажил бол сонгогчдын аюулгүй байдлыг хангах бөгөөд тэдэнд санал хураах байранд ирэхдээ амны хаалт заавал зүүхийг зөвлөж байна.


Түүнчлэн саналын хуудас авахаар дараалалд зогсохдоо, мөн санал авах байранд сонгогчид бие биенээсээ дор хаяж нэг метрийн зайтай байх ёстой. Санал авах байранд зөвхөн нэг удаагийн резинэн бээлий өмсөж, гараа ариутгасны дараа орж болно. Мөн халууныг нь хэмжинэ. Халдварын шинж тэмдэгтэй эсвэл 37.5-аас дээш халуунтай сонгогчийг тусгайлан тоноглосон байр руу илгээх аж. Ийм байруудыг коронавирусний халдвартай өвчтөнүүдэд зориулсан найман эмнэлэгт нээжээ. 09:00 цагийн байдлаар бүртгэлтэй сонгогчдын 1.5 гаруй хувь нь саналаа өгсөн байна.


БНСУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын 27 шинэ тохиолдол илэрсэн бөгөөд энэ нь хоёрдугаар сарын 20-ноос хойш бүртгэгдсэн хамгийн цөөн тохиолдол юм.


Холбоотой мэдээ