Хотын инженерийн дэд бүтцийн хангамж болон цаашдын ажлыг танилцуулав

Монголын мэдээ | Нийгэм
ulzii@montsame.mn
2020-04-10 14:06:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн энэ өдрийн /2020.04.10/ цахим хуралдаанаар Улаанбаатар хотын инженерийн дэд бүтцийн хангамжийн өнөөгийн байдал, хэрэгцээ шаардлага, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр танилцуулав.


Тэрбээр “Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1163 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын баг нь Улаанбаатар хотын инженерийн дэд бүтцийн хангамжийн одоогийн байдал, ашиглалтын түвшин, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох чиг үүрэгтэйгээр хангагч байгууллагуудын ерөнхий инженерүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Ажлын баг нь Улаанбаатар хотын дэд бүтцийн системийн түвшинг тогтоохоор судалгаа хийхэд судалгааны явцад дэд бүтцийн систем нь хуучирч, ашиглалтын хугацаа дууссан, нэвтрүүлэх чадвар хүрэлцээгүй болсон, технологийн шинэчлэлт хийгдэх шаардлагатай болсон байсан. Мөн ажлын хэсгээс тус инженерийн дэд бүтцийн системд өргөтгөл шинэчлэлт хийгдэх шугам, тоноглолын жагсаалтыг гаргалаа” гэв.



Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан: “Судалгаа тооцоогоо сайн гаргаж, дэд бүтцийн системээ өргөтгөх ажлыг эрчимжүүлж ажилла. Өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжилтийг хангаж ажиллахад холбогдох байгууллагууд онцгой анхаар. Ажил хариуцсан албан тушаалтнууд ажилдаа хариуцлагатай ханд. Зарим хийгдээгүй ажлыг хийсэн болгож, материал бэлдэж орж ирдгээ болих хэрэгтэй. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж, энэ асуудлыг дахин оруулж ирж танилцуулах”-ыг үүрэг болгов.


Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэж, дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо. “Нэг хот- Нэг стандарт” зорилтот жилийн I улирлын төлөвлөгөөний биелэлт 49 хувьтай байна. Энэ хуралдаанаар “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жилийн I улирлын төлөвлөгөөний биелэлтийг НЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцуулав.


“Нэг хот-Нэг стандарт” зорилтот жилийн нэгдсэн төлөвлөгөөний нэгдүгээр улирлын биелэлтийг Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ыг баримтлан гаргажээ.


Хотын засаглалыг сайжруулах чиглэлээр НЗДТГ-ын дөрвөн хэлтэс, нутгийн захиргааны 76 байгууллага биелэлт ирүүлж, нийт 18 арга хэмжээ хэрэгжүүлснээс 45 хувийн биелэлттэй байна. Мөн байгаль орчныг хамгаалах чиглэлээр нутгийн захиргааны 17 байгууллага биелэлт ирүүлж, нийт есөн арга хэмжээ хэрэгжүүлснээс 46 хувийн биелэлттэй байгаа аж. Харин хот, нийтийн аж ахуйн чиглэлээр нийслэлийн нутгийн захиргааны 21 байгууллага биелэлт ирүүлж, нийт 13 арга хэмжээ хэрэгжүүлснээс 56 хувийн биелэлттэй байв. Нийслэлийн хэмжээнд “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жилийн нэгдсэн төлөвлөгөөний I улирлын биелэлт 11 салбар чиглэлээр нийт 87 арга хэмжээг хэрэгжүүлж, биелэлт49 хувьтай байна. Иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж ажиллахыг анхааруулав. Өнөөдрийн хуралдаанд иргэдээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн 2020 оны I улирлын тайлангийн Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат танилцуулав.


Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дотоод удирдлагын UB ERP систем дэх өргөдөл, гомдлын дэд системийг нийслэлийн нутгийн захиргааны 1143 байгууллага, 2579 нэгж, 24372 албан хаагч өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглаж байна. Иргэдээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж 2020 оны I улирлын байдлаар нийт 12860 өргөдөл, гомдол гаргаснаас 11597 буюу 91 хувь нь шийдвэрлэж, 1263 буюу 9 хувь нь шийдвэрлэх шатанд байгаа аж.



Нийслэлийн Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат: “Иргэдээс ирж байгаа өргөдөл, гомдлыг шийдвэрлэх хугацааг багасгаж ажиллах нь зүйтэй. Энд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын бүх шатны албан тушаалтнууд анхаарч ажиллах зайлшгүй шаардлагатай байна. Иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэж ажилла. Мөн албан тушаалтнуудад өргөдөл, гомдлыг шийдвэрлэхтэй холбоотой сургалтыг өгөх нь зүйтэй. Хэрвээ өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй чирэгдэл учруулсан тохиолдолд хариуцлага тооцох ажиллах шаардлагатай байна” гэж мэдээлснийг Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс сонордуулав.

Холбоотой мэдээ