Сөүл рүү энэ сарын 17-нд тусгай нислэг үйлдэхээр төлөвлөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-04-10 16:47:55
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар манай улс 9 удаагийн тусгай нислэгээр 1800 иргэнээ эх орондоо авчраад байна. Ингэхдээ тусгаарлах байрны хүрэлцээ, ХӨСҮТ-ийн хүчин чадал, эмч нарын хүрэлцээ зэргийг харгалзан үзэж дараагийн нислэгийг төлөвлөж байгаа. Ээлжит нислэгийг энэ сарын 17-нд Сөүл рүү хийхээр төлөвлөж байгааг УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Дэлхийн 43 улсаас 7624 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргаад байгаагаас БНСУ-д 2000 гаруй иргэн, АНУ-д 1270, Австралид 906, Казахстанд 560, Энэтхэгт 549, Туркэд 437, Их Британид 365, Японд 300 иргэн байгаа аж.


Тусгай нислэгт нэн түрүүнд жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхэд, өндөр настан, эрүүл мэндийн шалтгаантай, хүндэтгэх шалтгаантай иргэдийг бүртгэж байгаа. Ийм шалтгаантай иргэд БНСУ-д олон байгааг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тэмдэглэв. 


Тэрбээр: "Тусгай нислэгт бүртгэх таван шаардлагыг хангасан иргэд БНСУ-д маш олон байна. Хамгийн эхний хоёр нислэгт иргэдийг БНСУ дахь ЭСЯ дээр бүртгэх үед 500 хүн буюу хоёр онгоцны зорчигч бүртгүүлсэн. Тухайн нислэгээс халдвартай хоёр хүн гарсныг та бүгд мэдэж байгаа. Солонгосын засаг захиргаанаас “Иргэдээ нэг дор олноор бүү цуглуулаач, халдвар тархах нөхцөл үүсэж байна” гэсэн учир онлайнаар бүртгэж эхэлсэн. Хэрэв ЭСЯ-ны ажилтнууд халдвар авбал иргэддээ үйлчилгээ үзүүлж чадахгүй болно. Энэ сарын 8-нд ирсэн нислэгийн бүртгэлийг БНСУ дахь ЭСЯ-ны 5 утсаар зэрэг хийсэн. Бүртгэлийг өглөө эхлүүлэхэд өдрийн 14 цагт аль хэдийн 160 хүн бүртгүүлчихсэн байсан. Тэдэн дээр Сөүлээр дамжин ирсэн 50 гаруй зорчигч, мөн БНСУ-ын талаас саатуулах байранд байгаа 55 иргэнийг буцаах шаардлага тавьсан учир онгоцны суудал дүүрсэн. Тусгай нислэг үйлдэхдээ улс орны аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, тусгаарлах байрны хүрэлцээ, эмч нарын ачааллыг нарийн тооцоолж байна. 


Хил хааснаас хойш манай улс газрын боомтоор 6000 иргэнээ нэвтрүүлсэн байна. Тэдгээрийн дотор хорих ял авах хэмжээний визний зөрчилтэй хүмүүс байсан ч нэг ч иргэн торгуулаагүй, хил дээр гацаагүй эх орондоо ирсэн" гэлээ.


ОБЕГ-ын дарга, Бригадын генерал Т.Бадрал: Эх орондоо ирэх хүсэлтэй байгаа 7000 гаруй иргэнээс бага насны хүүхэдтэй 830, эрүүл мэндийн шалтгаантай 86, өндөр настан 278, жирэмсэн 32, хүүхэд 307, оюутан 973, богино хугацааны визтэй 215, байрлах газаргүй 409, санхүүгийн боломжгүй 89 иргэн байна. Эдгээр иргэд хамгийн түрүүнд татан авах шаардлагатай ангилалд багтаж байгаа. Нэг талаас гадаад байгаа иргэдийн эх орондоо очмоор байна гэсэн хүсэлт, нөгөө талаас гадаадаас хүмүүс битгий авчраачээ гэсэн бас нэг хүсэлтийн хайчин дунд УОК, Засгийн газар, Шуурхай штаб ажиллаж байна. Энэ сарын 17-нд БНСУ руу тусгай нислэг үйлдэхдээ өөр улсаас дамжин ирж буй хүмүүсийг бас авчрах төлөвлөгөө боловсруулж байна. Энэтхэгт байгаа 549 иргэний 300 гаруй нь лам хүүхдүүд байна. Санхүүгийн боломжгүй болсон иргэдийн дийлэнх нь Австралид байна. Монгол Улсын Засгийн газар иргэдээ авах ямар л боломж байна бүгдийг нь судалж байна.


Гадаадад байгаа долоон монгол хүн халдвар авч, тусгаарлагдан эмчилгээ хийлгэж буйгаас хоёр нь Москвад байгаа. ОХУ-аас 270 гаруй оюутан буцах хүсэлтээ гаргасан. Хэрэв бид оюутнуудыг яаралтай татан авахгүй бол эрүүл мэнд, амь нас нь эрсдэлд орно. Москвагийн оюутнууд маргааш өглөө Улаан-Үдэд онгоцоор бууна. Москва, Эрхүү, Улаан-Үд хотын оюутнуудыг хооронд нь уулзуулахгүйгээр, маргаашаас эхлэн гурван үе шаттай татан авахаар төлөвлөгөөний дагуу ажиллаж байна" хэмээв.


МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр: "Энэ сарын 8-нд Сөүлээр дамжин 51 зорчигч ирсэн. Тэдгээрийн 36 нь АНУ-аас, 9 нь Европоос, 4 хүн Канадаас, 2 хүн Японоос ирсэн бөгөөд бүгд дээрх таван шаардлагыг хангасан байсан. Тодруулбал, эрүүл мэндийн шалтгаантай 17 хүн, 16 өндөр настан, бага насны хүүхэдтэй 6 гэр бүл, жирэмсэн 4, орон байргүй болсон 9 оюутан ирсэн. Өөр улсаас дамжин ирж буй хүмүүс ХӨСҮТ-д тусгаарлагддаг учир 51 хүн хүлээн авах боломжтой гэсний дагуу дээрх иргэдийг авчирсан" гэв.


Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 5 эмнэлэг, 4 сувилал, 10 зочид буудал, 6 амралтын газар, 1 ЭСЯ зэрэг 26 тусгаарлах байранд 2714 иргэн, 13 аймагт 1399 иргэн тусгаарлалтад байна. 


Холбоотой мэдээ